64 дугаар зүйл. Төлөөлөх бүрэн эрх

ИРГЭНИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

64 дугаар зүйл. Төлөөлөх бүрэн эрх

64.1.Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар, эсхүл бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

64.2.Бичгээр, эсхүл цахим хэлбэрээр олгосон итгэмжлэл нь дараахь шаардлагыг хангасан байвал зохино: /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

64.2.1.итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх;

64.2.2.хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлд эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурсан байх;

64.2.3.олгосон он, сар, өдрийг заах;

64.2.4.хуульд заасан бол нотариатаар гэрчлүүлэх;

64.2.5.итгэмжлэлийг тодорхой хугацаагаар олгох бол хугацааг заах.

64.3.Энэ хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна.

64.4.Цэргийн алба хаагчийн итгэмжлэлийг түүний алба хааж байгаа анги, байгууллагын удирдлага, хоригдлын итгэмжлэлийг хорих байгууллагын дарга гэрчилж болно.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

64.5.Тодорхой хугацаагаар олгох итгэмжлэл гурван жилээс илүүгүй хугацаагаар, хугацаа заагаагүй итгэмжлэл олгосон өдрөөс хойш нэг жил хүчин төгөлдөр байна.

64.6.Хуульд өөрөөр заагаагүй бол төлөөлөгчөөр дамжуулан хийх хэлцлийн хэлбэрт тавигдах шаардлага төлөөлүүлэх хүсэл зоригоо илэрхийлэхэд хамаарахгүй.

64.7.Цахим хэлбэрээр олгосон итгэмжлэл нь энэ хуулийн 64.2-т заасан шаардлагаас гадна Цахим гарын үсгийн тухай хуульд заасан шаардлагыг хангасан байна. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.