10 дугаар зүйл. Хууль, олон улсын эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. Хууль, олон улсын эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх

10.1.Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэнэ.

10.2.Хэргийг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль Үндсэн хуульд нийцэхгүй байна гэж шүүх үзвэл тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, Улсын дээд шүүхэд энэ талаар саналаа гаргана.

10.3.Улсын дээд шүүхийн хуралдаанаар энэ хуулийн 10.2-т заасан саналыг хэлэлцэж үндэслэлтэй гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд хүсэлтийг мэдүүлэх тухай тогтоол гаргана. Харин үндэслэлгүй гэж үзвэл ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр санал гаргасан шүүхэд буцаана.

10.4.Тухайн маргаантай харилцааг зохицуулсан хууль байхгүй бол шүүх төсөөтэй харилцааг зохицуулж байгаа хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ.

10.5.Монгол Улсын Үндсэн хуульд харшлахгүй бол шүүх олон улсын иргэний эрх зүйн холбогдолтой хэргийг хянан шийдвэрлэхдээ олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг төсөөтэй хэрэглэж болно.

10.6.Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ байхгүй буюу байгаа нь тодорхой бус гэсэн үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзаж болохгүй.

10.7.Шүүх хуулиуд хоорондоо зөрчилтэй буюу хууль шударга бус, эсхүл нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш гэсэн үндэслэлээр хуулийн хэм хэмжээг хэрэглэхээс татгалзаж болохгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.