13 дугаар зүйл. Хэргийн харьяалал

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

13 дугаар зүйл. Хэргийн харьяалал

13.1.Энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлээр гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдол /цаашид "нэхэмжлэл" гэх/-ыг шүүх харьяалан шийдвэрлэнэ.

13.2.Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан буюу зохигч хэлэлцэн тохиролцсон бол иргэн, хуулийн этгээдийн хооронд үүссэн маргааныг арбитр шийдвэрлэнэ.

13.3.Талууд байгуулсан гэрээндээ маргаан гарвал арбитраар шийдвэрлүүлэхээр заагаагүй буюу энэ талаар хэлэлцэн тохиролцоогүй, эсхүл Засгийн газар хоорондын хэлэлцээрээр маргааныг арбитраар шийдвэрлүүлэхээр заагаагүй бол нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэнэ.

13.4.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1-д заасан захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус актын талаар гаргасан нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэнэ.

/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн, 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

13.5.Талууд байгуулсан гэрээндээ маргаан гарвал эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлүүлэхээр тохиролцсоныг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам тогтоосон гэж үзнэ.

/Энэ хэсгийг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

13.6.Энэ хуульд заасан тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх нэхэмжлэлийг нийслэлд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх харьяалан шийдвэрлэнэ. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.