132 дугаар зүйл. Гэрлэлт цуцлах тухай хэрэг хянан шийдвэрлэх
132.1.Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох ба гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авна.
132.2.Энэ хуулийн 132.1-д заасан эвлэрүүлэх арга хэмжээг зөвхөн нэг удаа хэрэглэнэ. Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу явуулсан эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байх нь шүүхэд иргэний хэрэг үүсгэснээс хойш гэр бүлийн маргааны талаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзах үндэслэл болохгүй.
/Энэ хэсгийн 2 дахь өгүүлбэрийг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
132.3.Гэрлэгчид эвлэрвэл шүүгч эвлэрлийг баталсан захирамж гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгоно.
132.4.Харин Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүгч энэ хуулийн 132.1-д заасан арга хэмжээг авалгүйгээр гэрлэлтийг цуцалж болно.
132.5.Гэрлэгчид шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан хугацаанд эвлэрээгүй бол шүүгч гэрлэлтийг цуцлах шийдвэр гаргана. Шүүгч гэрлэлт цуцлах тухай шийдвэр гаргахдаа хүүхдийг цаашид хүмүүжүүлэх талаар гэрлэгчдийн хооронд хэлэлцэн тохирсон зүйл байхгүй бол хүүхдийг эцэг буюу эхийн хэний нь асрамжид үлдээх, хамтран өмчлөх дундын өмчийг хуваах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах болон орон сууцны маргааны асуудлыг нэхэмжлэлийг үндэслэн хянан шийдвэрлэнэ. Хуульд заасан бол гэрлэлт цуцлахыг бүртгэхэд хураах улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг шүүх тодорхойлж, түүнийг гэрлэгчдийн хэн нь ямар хэмжээгээр төлбөл зохихыг тогтооно.
132.6.Шүүх нэхэмжлэлийг хангавал гэрлэлт цуцлах тухай шийдвэр гаргана.
АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ1
Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах ажиллагаатай холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа