146 дугаар зүйл. Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосныг хүчингүйд тооцуулах тухай хүсэлт гаргах түүнийг хянан шийдвэрлэх
146.1.Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосныг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг асран хамгаалуулагч, харгалзан дэмжүүлэгчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.
146.2.Асран хамгаалуулагч, харгалзан дэмжүүлэгчийн оршин суугаа газар тодорхойгүй бол хүсэлтийг асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж болно.
146.3.Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосныг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтэд энэ тухай шалтгааныг тодорхой дурдаж, холбогдох нотлох баримтыг хавсаргана.
146.4.Шүүх хуралдаанд талуудыг оролцуулах ба тэдгээр нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй явдал шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.
146.5.Зохигчийн төлөөлөгч, өмгөөлөгч болон нийгмийн халамжийн байгууллагын төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно.
146.6.Шүүх нэхэмжлэлийг хангавал асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосон шийдвэрийг хүчингүйд тооцох тухай шийдвэр гаргана.