153 дугаар зүйл. Хэргийн буюу шийдвэр гүйцэтгэлийн үрэгдсэн материалыг сэргээх тухай хэргийг хянан шийдвэрлэх
153.1.Хэргийн буюу шийдвэр гүйцэтгэлийн үрэгдсэн материалыг сэргээх тухай хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ үрэгдсэн хэрэг, шийдвэр гүйцэтгэлийн материалаас үлдсэн болон үрэгдэхийн өмнө иргэн, хуулийн этгээдэд олгосон баримт бичиг, түүний хуулбар, ач холбогдол бүхий бусад баримт мэдээллийг ашиглана. Хэргийн буюу шийдвэр гүйцэтгэлийн үрэгдсэн материалыг сэргээх тухай хэргийг хянан шийдвэрлэх шүүх уг хэргийн оролцогч, шаардлагатай бол хэргийг урьд хянан шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн болон шийдвэр гүйцэтгэсэн этгээдээс гэрчийн хувиар мэдүүлэг авч болно.
153.2.Хэргийн буюу шийдвэр гүйцэтгэлийн үрэгдсэн материалыг сэргээх талаар цугларсан нотлох баримт хангалтгүй байвал энэ тухай хүсэлтийг шүүхийн тогтоол буюу шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгоно. Ийнхүү хэрэг хэрэгсэхгүй болгосон бол сонирхогч этгээд энэ хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэл дахин гаргах эрхтэй.