173 дугаар зүйл. Хяналтын журмаар гаргасан гомдол хүлээж авах

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

173 дугаар зүйл. Хяналтын журмаар гаргасан гомдол хүлээж авах

173.1.Хяналтын журмаар гаргасан гомдлыг уг хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүх хүлээж авах бөгөөд энэ хуулийн 163.1-д заасан ажиллагааг гүйцэтгэнэ. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдлын талаар тайлбараа гаргах эрхтэй.

/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

173.2.Гомдол хүлээж авсан шүүх хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зохигчийн гомдлыг хавсарган гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш нийслэлд 3 хоногийн дотор, хөдөө орон нутагт 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хүргүүлнэ.

173.3.Хяналтын журмаар гомдол гаргаж байгаа этгээдээс энэ хуулийн 57.1, 57.4-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлүүлнэ.

/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

173.4.Хяналтын журмаар гомдол гаргахад энэ хуулийн 167.5, 173.3-т заасныг хангаагүй бол анхан шатны шүүх гомдлыг хүлээн авахгүй бөгөөд энэ тухай шүүгч захирамж гаргана. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/

173.5.Хяналтын шатны шүүх гомдлыг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэж дөрөв, түүнээс дээш шүүгч хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх талаар санал гаргавал энэ тухай тогтоол гаргана. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./

173.6.Энэ хуулийн 173.5-д заасны дагуу гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шийдвэр гаргаагүй бол татгалзсанд тооцож, энэ тухай тогтоол гаргаж, улсын тэмдэгтийн хураамжийг буцаана. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./

173.7.Энэ хуулийн 173.5, 173.6-д заасан тогтоолд шүүгчид гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Тогтоол эцсийн шийдвэр байх бөгөөд гомдол гаргахгүй. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./

173.8.Гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэхэд хэргийн зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч оролцохгүй. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.