176 дугаар зүйл. Хяналтын шатны шүүх хуралдаан
176.1.Хяналтын журмаар хэргийг Улсын дээд шүүхийн таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэж, энэ хуулийн 114.1-д заасан журмын дагуу шийдвэрээ гаргаж гомдлыг хангасан эсэхийг сонсгоно. Шийдвэрийг шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргах бөгөөд хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
176.2.Шүүх хяналтын журмаар хэргийг дараахь байдлаар хянан шийдвэрлэж тогтоол гаргана:
176.2.1.шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих;
176.2.2.шийдвэр, магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулах;
176.2.3.магадлалыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчлөх;
176.2.4.шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох;
176.2.5.шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхэд буцаах.
176.3.Тогтоолд шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Тогтоолд анхан болон давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалын тогтоох хэсгийн агуулга, хяналтын гомдлын болон гаргаж байгаа тогтоолын үндэслэлийг тусгана. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
176.4.Хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./
176.5.Хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш долоо хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, эсхүл өмгөөлөгчид хүргүүлнэ. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./
176.6.Хяналтын шатны шүүхийн тогтоолд үг, үсэг, тооны зэрэг техникийн шинжтэй алдаа гарсан бол танхимын шүүх бүрэлдэхүүн хуралдаж, залруулга хийж болно. /Энэ хэсгийн дугаарт 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Дээрх 176 дугаар зүйлийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/