189 дугаар зүйл. Олон улсын иргэний эрх зүйн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны харьяалал
189.1.Монгол Улсын шүүхээр гадаад улсын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнтэй холбогдолтой иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд тэдгээр нь хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн адил эрхтэй байна.
189.2.Монгол Улсын шүүх дор дурдсан олон улсын иргэний эрх зүйн холбогдолтой иргэний хэргийг өөрийн харьяалалд хамааруулан хянан шийдвэрлэх ажиллагааг явуулна:
189.2.1.нэхэмжлэлийн хариуцагч нь Монгол Улсад байнга оршин суудаг буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг;
189.2.2.нэхэмжлэлийг хэд хэдэн этгээд хамтран гаргасан ба тэдгээрийн аль нэг нь Монгол Улсад байнга оршин суудаг;
189.2.3.гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэл гаргасан ба тухайн үүргийг Монгол Улсад гүйцэтгэх ёстой байсан;
189.2.4.бусдад гэм хор учруулсны улмаас Монгол Улсын нутаг дэвсгэр дээр тухайн этгээдэд хохирол учруулсан;
189.2.5.хуулийн этгээдийн Монгол Улсын нутаг дэвсгэр дэх салбар буюу төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны улмаас маргаан үүссэн;
189.2.6.Монгол Улсын иргэн буюу Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байнга оршин суудаг гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн эцэг тогтоох ба тэтгэмж төлөхтэй холбогдсон нэхэмжлэл гаргасан;
189.2.7.нэхэмжлэлийн зүйл нь өв залгамжлах эрх, өв залгамжлуулагчаас эд хөрөнгийг хуваах, гэрээслэл, үүрэг гүйцэтгэхтэй холбоотой бөгөөд өв залгамжлуулагч нас барахаасаа өмнө Монгол Улсад амьдардаг буюу оршин суудаг байсан, эсхүл тухайн өв хөрөнгө Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа.