43 дугаар зүйл. Гэрчийн мэдүүлэг

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

43 дугаар зүйл. Гэрчийн мэдүүлэг

43.1.Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно.

43.2.Гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна.

43.3.Гэрчээр дуудагдсан этгээд шүүхэд заавал хүрэлцэн ирэх ба үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, зориуд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

43.4.Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхийн дуудсанаар ирж чадахгүй гэрчээс байгаа газарт нь очиж мэдүүлэг авч болно.

43.5.Гэрч шүүхийн дуудсанаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол түүнийг албадан ирүүлэхийг шүүхээс цагдаагийн албанд даалгаж, холбогдох зардлыг гэрчээр гаргуулахаар тогтоож болно.

/Энэ хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

43.6.Гэрчүүдийн мэдүүлэгт ноцтой зөрүү байвал тэдгээрийг нүүрэлдүүлэн мэдүүлэг авч болно. Шүүгч нүүрэлдүүлэн мэдүүлэг авахдаа гэрчүүдээс бие биеэ таних эсэх, хоорондоо ямар харилцаатай болохыг асууна. Дараа нь тодруулах гэж байгаа зүйлийн талаар гэрчүүдээс ээлжлэн мэдүүлэг гаргуулна. Мэдүүлэг өгсний дараа шүүгч гэрчүүдэд асуулт тавьж болно. Харилцан нүүрэлдэж байгаа гэрчүүд бие биедээ асуулт тавьж болохгүй.

43.7.Зохигчийн эхнэр, нөхөр, эцэг, эх, хүүхдийг зөвхөн өөрсдийнх нь зөвшөөрснөөр гэрчээр мэдүүлгийг авч болно. Энэ тохиолдолд тэд гэрчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

43.8.Дараахь хүнийг гэрчээр дуудах буюу мэдүүлэг авч болохгүй:

43.8.1.үүргээ гүйцэтгэх замаар уг хэргийн байдлыг мэдэх болсон эвлэрүүлэн зуучлагч, зохигчийн төлөөлөгч буюу эрүүгийн хэргийн өмгөөлөгч;

/Энэ заалтад 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

43.8.2.иргэний эрх зүйн чадамжгүй этгээд.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.