5 дугаар зүйл. Шүүх эрх мэдлийг шүүх хэрэгжүүлэх, шүүгч хараат бус байх
5.1.Шүүх эрх мэдлийг хуулийн дагуу байгуулагдсан шүүх хэрэгжүүлнэ.
5.2.Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах бөгөөд шүүгч хараат бус байх баталгааг хуулиар тогтооно.
5.3.Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төрийн болон төрийн бус байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно.
5.4.Энэ хуулийн 3.1-д заасны дагуу гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс урьдчилан тогтоосон журмын дагуу шүүгчид хуваарилах бөгөөд уг журам нь урьдчилан мэдэх боломжгүй, тохиолдлоор хуваарилах нөхцөлийг хангасан байна. Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг захирамж гарган томилно. /Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, энэ хэсгийн 2 дахь өгүүлбэрийг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
5.5.Зохигч хэргийг энэ хуулийн 5.4-т заасан хуваарийн дагуу шийдвэрлүүлэхийг шаардах эрхтэй.
5.6.Тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд шүүгч, шүүх бүрэлдэхүүнд аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон тохиолдолд нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө.
/Энэ хэсгийг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/