57 дугаар зүйл. Улсын тэмдэгтийн хураамж
57.1.Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө.
57.2.Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдуулж төлөх улсын тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулна.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
57.3.Улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох, нөхөн төлүүлэх, чөлөөлөх тухай асуудлыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн холбогдох заалт болон энэ хуулийн 58, 59 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
57.4.Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд гомдол гаргаж байгаа этгээд шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон төлнө.
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/