59 дугаар зүйл. Улсын тэмдэгтийн хураамжийг буцаах

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

59 дугаар зүйл. Улсын тэмдэгтийн хураамжийг буцаах

59.1.Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бол улсын тэмдэгтийн хураамжийг хураасан хэмжээгээр нэхэмжлэгчид шүүгчийн захирамжаар буцаан олгоно.

59.2.Давж заалдах журмаар гомдол гаргасан этгээд шүүх хуралдаанаас өмнө түүнээсээ татгалзвал тухайн шатны шүүгч гомдлыг гаргаагүйд тооцох, тухайн шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох захирамж гаргана. /Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

59.3.Давж заалдах шатны шүүх зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэлтэй гэж үзэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон буюу өөрчилсөн тохиолдолд гомдол гаргагчаас тухайн шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг тухайн шатны шүүгчийн захирамжаар буцаан олгоно. /Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

59.4.Энэ хуулийн 56.5-д заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувийг буцаан олгоно.

/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

59.5.Нэхэмжлэгч шаардлагаа багасгах, энэ хуулийн 59.4-т зааснаас бусад тохиолдолд нэхэмжлэлээсээ татгалзах, зохигч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа энэ хуулийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.

/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

59.6.Энэ хуулийн 100.2-т заасны дагуу нэхэмжлэлийг шүүх буцаасан бол улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгоно.

/Энэ хэсгийн дугаарыг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.