69 дугаар зүйл. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

69 дугаар зүйл. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах

69.1.Шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах дараахь арга хэмжээг хэрэг үүсгэхдээ буюу үүсгэсний дараа захирамж гарган авах эрхтэй:

69.1.1.хариуцагчийн эд хөрөнгө буюу мөнгийг тухайн нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх;

69.1.2.хариуцагчаас эд хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн тодорхой ажиллагаа явуулахыг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр хориглох;

69.1.3.хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох;

69.1.4.нэхэмжлэлээр шаардсан хэмжээний мөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дансанд урьдчилан оруулах;

69.1.5.тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгах.

/Энэ заалтыг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/

69.2.Шүүгч энэ хуулийн 69.1-д заасан хэд хэдэн арга хэмжээг нэгэн зэрэг авч болно.

69.3.Шүүгч шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авахдаа энэ хуулийн 70.3-т заасныг нэхэмжлэгчид мэдэгдэнэ.

69.4.Шүүгч хариуцагчийн хүсэлтээр энэ хуулийн 69.1-д заасан нэг арга хэмжээг өөр арга хэмжээгээр сольж болно. Хариуцагч мөнгөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийн талаар авсан арга хэмжээг солиулахын тулд нэхэмжлэлээр шаардсан хэмжээний мөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дансанд оруулж болно.

69.5.Шүүх энэ хуулийн 69.1-д заасан арга хэмжээг авахдаа үнэт цаасны клиринг, төлбөр тооцооны үйл ажиллагаа, төлбөрийн үүргийг тасалдуулах, үйлдвэрлэл, үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, орлого олох эх үүсвэрийг хаах, түүнчлэн бүтээгдэхүүн түргэн муудаж, чанараа алдах зэрэг үр дагаварт хүргэж болохгүй. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.