741 дугаар зүйл. Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах ажиллагаа
741.1.Талууд эвлэрүүлэн зуучлуулах хүсэлт гаргасан, эсхүл шүүх эвлэрүүлэн зуучлалыг зохистой гэж үзэж санал болгосныг зохигчид зөвшөөрсөн бол шүүгч нэхэмжлэлийг эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлж энэ тухай захирамж гаргана.
741.2.Энэ хуулийн 741.1-д заасны дагуу шилжүүлсэн нэхэмжлэлд тухайн шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулна.
741.3.Талууд эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж гарын үсэг зурсны дараа эвлэрлийн гэрээг шүүгчид хүргүүлнэ.
741.4.Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
741.5.Иргэний хэрэг үүсгэхээс өмнө шүүгч нэхэмжлэлийг эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлсний дагуу талууд эвлэрсэн бол шүүгч эвлэрлийн гэрээг баталгаажуулах захирамж гаргана.
741.6.Иргэний хэрэг үүсгэснээс хойш шүүгч нэхэмжлэлийг эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлсний дагуу зохигчид эвлэрсэн бол шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлснийг сэргээж, эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гаргана.
741.7.Шүүгч эвлэрлийн гэрээг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор хянаж баталгаажуулна. Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ ойлгомжгүй, тодорхой бус болсон, эсхүл энэ хуулийн 741.4-т заасныг зөрчсөн бол шүүгч эвлэрлийн гэрээг баталгаажуулахаас татгалзсан захирамж гаргана.
741.8.Эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамж энэ хуулийн 75 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна. Энэ захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэнэ.
741.9.Эвлэрүүлэн зуучлах журмаар эвлэрсэн бол талууд, зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
741.10.Иргэний хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэлийг эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлсэн боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтад хүрээгүй бол эвлэрүүлэн зуучлагч нэхэмжлэлийг шүүхэд шилжүүлнэ. Шүүгч нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлснийг сэргээж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэнэ.
741.11.Энэ хуулийн 741.7-д заасан үндэслэлээр татгалзсан захирамж гаргасан нь эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дахин явуулахад саад болохгүй.
741.12.Талууд хамтдаа, эсхүл аль нэг нь шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан тохиолдолд энэ хуулийн 741.6, 741.10-т зааснаас бусад заалт нэг адил хамаарна.
/Дээрх 741дүгээр зүйлийг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/