753 дугаар зүйл. Хэрэг үүсгэх, нэхэмжлэл гардуулах /Энэ зүйлийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

753 дугаар зүйл. Хэрэг үүсгэх, нэхэмжлэл гардуулах /Энэ зүйлийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

753.1.Шүүгч энэ хуулийн 751 дүгээр зүйлд заасан шаардлага хангагдсан бөгөөд энэ хуулийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор иргэний хэрэг үүсгэх тухай захирамж гаргана. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

753.2.Энэ хуулийн 754 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагчид мэдэгдэх хуудсыг хүргүүлэхдээ нэхэмжлэлийн хувийг хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарын хамт илгээнэ. Хэрэв мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, эрх, үүргийн тайлбарыг баталгаат шуудангаар илгээсэн, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлснийг энэ хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч хүлээн авсан бол ийнхүү хүлээн авсан өдрөөр, энэ хуулийн 754.4-т заасны дагуу хүргүүлсэн бол мөн зүйлд заасан мэдэгдэх хуудас хүлээн авсанд тооцох өдрийг нэхэмжлэлийн хувийг гардаж авсан өдөр гэж үзнэ. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

753.3.Нэхэмжлэл, хариу тайлбар, хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарын загварыг Улсын дээд шүүх батална. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

753.4.Энэ хуулийн 7.5, 7.6-д заасан, шүүхэд ирүүлсэн болон шүүхийн бэлтгэсэн цахим баримтыг шүүх хэвлэмэл байдлаар хадгална. Цахим баримтаас цаасан хавтаст хэргийг үүсгэхдээ баримт бичгийг шүүхэд ирүүлсэн, хэвлэсэн огноо, хэвлэсэн ажилтны талаарх мэдээллийг тухайн ажилтны тоон гарын үсгээр баталгаажуулан хавсаргана. Цахим баримт нь шүүхийн цахим мэдээллийн санд бичлэг хэлбэрээр байршсан, мэдээллийн аюулгүй байдал хамгаалагдсан бол тухайн байдлаар нь хэрэгт хавсаргаж болно. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

753.5.Шүүх хавтаст хэргийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн цахим хэлбэрээр эрхлэн хөтөлж болно. Цаасан хэлбэрээр шүүхэд ирүүлсэн баримтыг хэрэг хянан шийдвэрлэх цахим ажиллагаанд тавигдах техникийн шаардлагад нийцүүлэн хөрвүүлнэ. Цаасан баримтыг хөрвүүлсэн огноо, ажилтны талаарх мэдээллийг хавсаргаж, хөрвүүлсэн ажилтан тоон гарын үсгээ зурсан байна. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.