8 дугаар зүйл. Шүүх хуралдаан, хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагааг нээлттэй явуулах /Энэ зүйлийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
8.1.Төрийн нууцад хамаарах хэрэг хянан шийдвэрлэхээс бусад шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааныг нээлттэй явуулна. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
8.2.Хэргийг шийдвэрлэж байгаа шүүгч, шүүх бүрэлдэхүүн дараах тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдааныг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хаалттай явуулахаар, эсхүл хэрэгт авагдсан нотлох баримтыг олон нийтэд мэдээлэхгүй талаар шийдвэр гаргаж болно. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
8.2.1.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд насанд хүрээгүй гэрч, хохирогч оролцож байгаа бол шүүх өөрийн санаачилгаар; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
8.2.2.нээлттэй ил тод байх нь хүний үндсэн эрхэд ноцтой хохирол учруулж болзошгүй талаар хэргийн оролцогчийн гаргасан хүсэлт тайлбарыг шүүх үндэслэлтэй гэж үзсэн; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
8.2.3.цаашид үргэлжлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ноцтой хохирол учруулах үндэслэлтэй гэж үзвэл. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
8.3.Энэ хуулийн 8.2-т заасан шийдвэр нь шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол хэлбэртэй байна. Уг шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч гомдол, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, сонирхогч бусад этгээд хүсэлт гаргах эрхтэй. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
8.4.Энэ хуулийн 8.2-т заасны дагуу шийдвэрлэсэн хэргийн үйл баримт, нотлох баримтын талаар олж мэдсэн хэргийн оролцогч, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, бусад этгээд уг үйл баримт, нотлох баримтын талаар олон нийтэд түгээх, хэвлэн нийтлэх, аливаа байдлаар нийтэд дэлгэхийг хориглоно. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
8.5.Иргэний эрх зүйн чадамжгүй, согтуурсан, мансуурсан, 18 насанд хүрээгүй хэргийн оролцогч биш этгээдээс бусад хүн нээлттэй шүүх хуралдааныг хөндлөнгөөс ажиглах зорилгоор шүүх хуралдааны танхимд чөлөөтэй нэвтрэн орох эрхтэй. Шүүх хуралдаан хөндлөнгөөс ажиглагч этгээд нь шүүх хуралдаанд оролцох дэг, журмыг баримтална. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./