80 дугаар зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

80 дугаар зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх

80.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дараахь тохиолдолд шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар түдгэлзүүлнэ:

80.1.1.зохигч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан үед маргаантай байгаа шаардлага буюу үүрэг эрх залгамжлагчид шилжих ёстой байвал;

80.1.2.зохигчид асран хамгаалалт тогтоолгох шаардлагатай;

80.1.3.зохигч онц ба дайны байдал зарласан нөхцөлд цэргийн алба хааж байгаа;

80.1.4.эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй;

/Энэ заалтад 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

80.1.5.зохигч хүнд өвчний учир эмчлүүлж байгаа;

80.1.6.хариуцагчийг эрэн сурвалжлах шаардлага бий болсон;

80.1.7.хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль Үндсэн хуульд нийцээгүй тухай асуудлаар Улсын дээд шүүхэд санал оруулсан бол;

/Энэ заалтад 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

80.1.8.энэ хуулийн 39, 41, 47 дугаар зүйлд заасан ажиллагаа явуулж байгаа бол;

/Энэ заалтыг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/

80.1.9.эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдах болсон бол.

/Энэ заалтыг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

80.2.Энэ хуулийн 80.1-д зааснаас бусад шалтгаанаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхийг хориглоно.

80.3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан арилмагц хэргийн оролцогчийн хүсэлт буюу өөрийн санаачилгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах тухай шүүгч захирамж гаргах ба энэ өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх хугацааг үргэлжлүүлэн тоолно.

80.4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан шүүгчийн заасан хугацаанд арилаагүй бол шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гаргах бөгөөд захирамжид хэргийг шийдвэрлэхэд саад болж байгаа нөхцөл, түүнийг хэрхэн засах талаар тусгана.

/Энэ хэсгийг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

Шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны оролцогч, хуралдааны нийтлэг журам

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.