86 дугаар зүйл. Иргэдийн төлөөлөгч, түүний эрх, үүрэг
86.1.Хэргийг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд гурав хүртэл иргэдийн төлөөлөгчийг оролцуулна.
/Энэ хэсэгт 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
86.2.Иргэдийн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэхэд дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
86.2.1.хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх;
86.2.2.энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах, нотлох баримтыг шинжлэхэд оролцох;
/Энэ заалтад 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
86.2.3.зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, гэрч, шинжээчид асуулт тавих;
/Энэ заалтыг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
86.2.4.хэргийн үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар бичгээр дүгнэлт гаргах;
86.2.5.шүүгчдийн зөвлөлгөөнөөс хуваарилсан шүүх хуралдааныг таслахгүй байх;
86.2.6.өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг задруулахгүй байх; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
86.2.7.энэ хуульд заасан шүүх хуралдааны дэгийг сахин биелүүлэх.
86.3.Энэ хуулийн 86.2.4-т зааснаар хэргийн үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар гаргасан иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүх хуралдаанд уншиж сонсгоно.