91 дугаар зүйл. Татгалзан гарах үндэслэл
91.1.Шүүгч дараахь үндэслэл байвал хэрэг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй:
91.1.1.урьд нь уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, эвлэрүүлэн зуучлагч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрчийн хувиар оролцсон;
/Энэ заалтад 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
91.1.2.уг хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн гэр бүл, төрөл, садан бол, эсхүл шүүх бүрэлдэхүүнд хоорондоо гэр бүлийн болон төрөл, садангийн холбоотой хүмүүс орсон байвал;
/Энэ заалтад 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
91.1.3.хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал;
/Энэ заалтад 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
91.1.4.ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон бол.
/Энэ заалтыг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
91.2.Энэ хуулийн 84 дүгээр зүйл, 91.1-д зааснаас бусад үндэслэлээр шүүгчийг татгалзаж үл болно.
91.3.Энэ хуулийн 91.1-д заасан үндэслэл иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад нэгэн адил хамаарна.
91.4.Шинжээч, орчуулагч, хэлмэрч энэ хуулийн 91.1-д зааснаас гадна дараахь тохиолдолд шүүх хуралдаанд оролцож болохгүй:
91.4.1.албан тушаалын буюу бусад байдлаар хэргийн оролцогч нь шинжээч, орчуулагч, хэлмэрчид нөлөөлж болох байвал;
91.4.2.урьд түүний хийсэн шалгалтын материал уг хэргийн үндэс болсон бол.