16 дугаар зүйл. Газрын улсын бүртгэл

КАДАСТРЫН ЗУРАГЛАЛ БА ГАЗРЫН КАДАСТРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

16 дугаар зүйл. Газрын улсын бүртгэл

16.1./Энэ хэсгийг 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

16.2.Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг эрхийн улсын бүртгэл хөтлөхтэй холбогдсон харилцааг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар зохицуулах бөгөөд төрийн цахим мэдээллийн санд үүссэн газрын кадастрын мэдээллийн сан болон улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангийн мэдээллээс бүрдэх дундын мэдээллийн сангаар дамжуулан мэдээлэл солилцох боломжтой байна.

/Энэ хэсгийг 2003 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

/Энэ хэсгийг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

16.3.Аж ахуйн, нэгж, байгууллага, иргэн хэд хэдэн эдлэн газартай бол эдлэн газар бүрийг газрын улсын бүртгэлд бүртгэнэ.

16.4.Эдлэн газар нь хэд хэдэн нэгж талбартай бол түүний гэрчилгээнд нэгж талбар бүрийг тэмдэглэнэ.

16.5.Газрын улсын бүртгэлийн мэдээлэл нь хуулиар хориглосноос бусад нөхцөлд нээлттэй байна.

16.6.Газрын улсын бүртгэлийн мэдээллийн үндсэн нэгж нь эдлэн газар байна.

16.7.Эдлэн газар болон нэгж талбар бүр дугаартай байна.

16.8.Газрын улсын бүртгэлд бүртгэгдсэн эдлэн газар бүр түүнийг бусад газраас заагласан ерөнхий хилтэй байна.

16.9.Хэсгээр дундаа эзэмшиж, ашиглаж байгаа эдлэн газрын эзэмшигч, ашиглагч тус бүрт хамаарах хэсгүүд оноосон хилтэй байна.

16.10.Нэгж талбар заагтай байна.

16.11.Газрын кадастрын зурагт ерөнхий болон оноосон хил, заагийг харуулна.

16.12.Ерөнхий болон оноосон хил, зааг, тэдгээрийн эргэлтийн цэгийн байрлалыг байгалийн байнгын биет, хүний бүтээсэн байгууламж, тэмдэглээс, геодезийн байнгын цэг, тэмдэгтүүдийг ашиглан газар дээр нь тэмдэглэж газрын кадастрын зурагт буулгана.

16.13.Газар дээр нь тэмдэглэж газрын кадастрын зурагт буулгасан ерөнхий хил нь газар олгохдоо тогтоосон хилийн цэстэй, оноосон хил нь газрыг хэсгээр дундаа эзэмшигчдийн бичгээр гаргасан зөвшөөрөлд заасан, эсхүл газар олгоход эрх бүхий этгээдээс тогтоосон хилтэй тохирч байна. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

16.14.Эдлэн газрын ерөнхий болон оноосон хилийн эргэлтийн цэгийн байрлалыг шаардлагатай үед тэмдэглэн бэхжүүлэх тэмдэгтийн загвар, хэмжээ, үйлдэх, суулгах журмыг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтооно.

/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

16.15./Энэ хэсгийг 2003 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

16.16.Нэгж талбар дугаарлах журмыг газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсгийг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.