20 дугаар зүйл. Компанийг нэгтгэх

КОМПАНИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

20 дугаар зүйл. Компанийг нэгтгэх

20.1.Компанийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг өөр компанид шилжүүлэхийг компанийг нэгтгэх гэнэ.

20.2.Нэгдэж байгаа болон нэгтгэж байгаа компанийн төлөөлөн удирдах зөвлөл /хэрэв байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь компанийг нэгтгэх тухай шийдвэрийн төсөл болон компанийг нэгтгэх гэрээг компани тус бүрийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулж шийдвэрлүүлнэ.

20.3.Энэ хуулийн 20.2-т заасан гэрээнд компанийг нэгтгэх нөхцөл, журмыг тодорхойлохоос гадна нэгдэж байгаа компанийн үнэт цаасыг нэгтгэж байгаа компанийн үнэт цаас, бусад хөрөнгөд хөрвүүлэх журмыг тусгасан байна.

20.4.Компанийг нэгтгэх замаар өөрчлөн байгуулах тухай шийдвэрийг энэ хуулийн 20.2-т заасан хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор гаргана.

20.5.Нэгдэж байгаа компанийн нийт энгийн хувьцааны 75-аас дээш хувийг эзэмшиж байгаа бөгөөд компанийг нэгтгэснээр компанийн дүрэмд өөрчлөлт орох шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд нэгтгэж байгаа компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурал /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-аар компанийг нэгтгэх тухай шийдвэр гаргаж, нэгтгэх журмыг баталж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.