22 дугаар зүйл. Компанийг тусгаарлах

КОМПАНИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

22 дугаар зүйл. Компанийг тусгаарлах

22.1.Компанийн үйл ажиллагааг зогсоохгүйгээр түүний зарим эрх, үүрэг, хариуцлагыг шинээр байгуулагдсан компанид шилжүүлэхийг компанийг тусгаарлах гэнэ.

22.2.Компанийг тусгаарлах замаар өөрчлөн байгуулахад өөрчлөн байгуулагдаж байгаа компани нь шинээр байгуулагдсан компанийн хувьцаа эзэмшигч байна.

22.3.Компанийг тусгаарлах нөхцөл, журам, хуваах балансыг батлах болон шинэ компани байгуулах тухай шийдвэрийг өөрчлөн байгуулагдаж байгаа компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ гаргана.

22.4.Энэ хуулийн 22.1-д заасны дагуу шинээр байгуулагдсан компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал нь компанийн дүрмээ батлах бөгөөд хэрэв төлөөлөн удирдах зөвлөлтэй байхаар шийдвэрлэсэн бол түүний гишүүдийг сонгоно.

22.5.Компанийг тусгаарлахад өөрчлөн байгуулагдаж байгаа компани нь өөрийн бүх өрийг хариуцна.

22.6.Өөрчлөн байгуулагдаж байгаа компанийн өмнөөс түүний өрийг энэ хуулийн 22.1-д заасны дагуу шинээр байгуулагдаж байгаа компаниар төлүүлэхийг хуваах балансаар тогтоож болно.

22.7.Энэ хуулийн 22.6-д заасны дагуу өр төлөх тохиолдолд өөрчлөн байгуулагдаж байгаа компани нь шинээр байгуулагдсан компанид шилжүүлсэн үүргээ хамтран хүлээнэ.

22.8.Компанийг тусгаарлах замаар шинээр байгуулагдсан компаниас гаргасан үнэт цаасыг энэ хуулийн долдугаар бүлэгт заасныг үндэслэн бүгдийг нь, эсхүл түүний зарим хэсгийг ногдол ашиг хэлбэрээр өөрчлөн байгуулагдсан компанийн хувьцаа эзэмшигчид шилжүүлж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.