7 дугаар зүйл. Компанийн салбар, төлөөлөгчийн газар

КОМПАНИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Компанийн салбар, төлөөлөгчийн газар

7.1.Компанийн салбар нь компанийн оршин байгаа газраас өөр газар байрладаг нэгж бөгөөд компанийн үндсэн чиг үүргийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь, түүнчлэн төлөөлөгчийн газрын үүргийг гүйцэтгэж болно.

7.2.Компанийн төлөөлөгчийн газар нь компанийн оршин байгаа газраас өөр газар байрладаг нэгж бөгөөд компанийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, компанийн нэрийн өмнөөс хэлцэл хийх зэрэг эрх зүйн төлөөллийн үйл ажиллагаа явуулна.

7.3.Компани нь Монгол Улсад болон гадаад улсад өөрийн салбар, төлөөлөгчийн газартай байж болно.

7.4.Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол компанийн салбар, төлөөлөгчийн газар байгуулах тухай шийдвэрийг компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ гаргана.

7.5.Гадаад улсын хуулийн этгээдийн Монгол Улсад оршин байгаа салбар, төлөөлөгчийн газрыг бүртгэх байгууллагад бүртгүүлнэ.

7.6.Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаад улсад компанийн салбар, төлөөлөгчийн газар байгуулах асуудлыг тухайн улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

7.7.Компанийн салбар, төлөөлөгчийн газар нь хуулийн этгээдийн эрхийг эдлэхгүй бөгөөд түүнийг байгуулсан компаниас баталсан журмын дагуу үйл ажиллагаагаа эрхлэн явуулна.

7.8.Компанийн салбар, төлөөлөгчийн газрын эд хөрөнгийг түүнийг байгуулсан компанийн балансад тусгана.

7.9.Компанийн салбар, төлөөлөгчийн газар нь үйл ажиллагаагаа түүнийг байгуулсан компанийн нэрийн өмнөөс явуулна.

7.10.Компани нь өөрийн салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаанаас үүсэх үр дагаврыг хариуцна.

7.11.Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдлагыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ томилох бөгөөд тэдгээр нь компаниас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.