83 дугаар зүйл. Гүйцэтгэх удирдлага
83.1.Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.
83.2.Компанийн дүрэмд гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлэхээр заагаагүй бол хувь хүн хэрэгжүүлнэ.
83.3.Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна.
83.4.Компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэгч этгээд нь төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байж болох бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлийн дарга байхыг хориглоно.
83.5.Хууль болон компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ зөвшөөрсөн тохиолдолд гүйцэтгэх захирал, эсхүл гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэгч багийн гишүүн нь өөр компани, аж ахуйн нэгжийн удирдлагад давхар ажиллаж болно.
83.6.Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулна.
83.7.Энэ хуулийн 83.6-д заасан гэрээнд төлөөлөн удирдах зөвлөлийг төлөөлж, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлын дарга/ гарын үсэг зурах бөгөөд гэрээнд гүйцэтгэх удирдлагын эрх, үүрэг, хариуцлагын хэмжээ, хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, хөлс, урамшуулал зэрэг асуудлыг тусгасан байна.
83.8.Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна.
83.9.Гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлэх тохиолдолд компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор багийн гишүүдийн ажиллах дотоод журмыг төлөөлөн удирдах зөвлөлтэй зөвшилцсөний үндсэн дээр баталж мөрдөнө.
83.10.Энэ хуулийн 83.9-д заасан журамд дараах зүйлийг тусгасан байна:
83.10.1.багийн ахлагч болон гишүүдийн эрхлэх ажил үүргийн хуваарь, ажлын харилцан уялдаа холбоог зохицуулах байдал;
83.10.2.багийн ахлагчийг томилох журам;
83.10.3.багийн ахлагчийн эрх, үүрэг, хариуцлага.
83.11.Энэ хуулийн 83.9-т заасан баг нь төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-ийн өмнө компанийн үйл ажиллагааны талаар хамтын хариуцлага хүлээнэ.
83.12.Гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэгч баг энэ хуулийн 83.8-д заасны дагуу гэрээ, хэлцэл хийх, төлөөллийг хэрэгжүүлэх тохиолдолд компанийг төлөөлж багийн ахлагч гарын үсэг зурна.
83.13.Энэ хуулийн 83.12-т заасан багийн ахлагчийг төлөөлөн удирдах зөвлөлтэй зөвшилцөн багийн гишүүд сонгох бөгөөд багийн ахлагч компанийн гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэнэ.
83.14.Гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэгч багийн хурал, гаргасан шийдвэрийн тэмдэглэлийг заавал хөтлөх бөгөөд уг тэмдэглэлийн үнэн зөвийг багийн ахлагч биечлэн хариуцна.
83.15.Гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг зогсоох шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ хэдийд ч гаргах эрхтэй.
КОМПАНИЙН ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНЫ ХҮЛЭЭХ ХАРИУЦЛАГА