МОНГОЛ УЛСЫН АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬ

Татвар, төсөв, санхүү · 9 зүйл · хүчин төгөлдөр · legalinfo.mn ↗

1 дугаар зүйл. Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагын автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

/Энэ зүйлд 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2 дугаар зүйл. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хууль тогтоомж

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар /цаашид "албан татвар" гэх/-ын хууль тогтоомж нь Татварын ерөнхий хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан энэ хууль, хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл. Албан татвар төлөгч

Монгол Улсын нутаг дэвсгэрт автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөгч байна.

/Энэ зүйлд 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4 дугаар зүйл. Албан татвар ногдох автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл

Дараахь автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд албан татвар ногдуулна:

1/бүх төрлийн ачааны автомашин;

2/автобус;

3/суудлын автомашин;

4/мотоцикл;

5/үйлдвэрлэгчээс тусгайлан тоноглосон, хүнсний технологийн тээвэрлэлтийн зориулалт бүхий автомашинаас бусад хүн болон ачаа тээвэрлэхэд зориулагдаагүй тусгай зориулалт бүхий автомашин;

/Энэ заалтыг 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

6/трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл;

7/авто чиргүүл.

/Энэ заалтыг 1998 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/

5 дугаар зүйл. Албан татварын хэмжээ

1.Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг дараах хэмжээгээр ногдуулна: /Энэ хэсгийг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ хэсгийн 11 дэх заалтыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ хэсгийн 3 дахь заалтыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

/Энэ хэсгийн 3, 4, 5, 6 дахь заалтыг 1997 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчилсөн, 10 дахь заалтыг 1998 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн, энэ хэсгийг 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2.Энэ зүйлийн 8 дахь хэсгийн трактор, өөрөө явагч бусад хэрэгсэлд үр тарианы комбайн, гинжит трактор хамаарахгүй.

3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдуулах албан татварын хэмжээг Улсын Их Хурлаас баталсан хязгаарт багтаан албан татвар төлөгчийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн бүртгэлтэй аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл тогтооно. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

/Энэ хэсгийг 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн/

4.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтад заасан ачааны автомашины даацын хэмжээ 2 ангилалд давхацсан тохиолдолд түүнийг өмнөх ангиллаар нь тооцож албан татвар ногдуулна.

/Энэ хэсгийг 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ зүйлийг 1997 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

6 дугаар зүйл. Албан татвар ногдуулах

1.Улсын бүртгэлд байгаа автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд тэдгээрийг ашиглаж байгаа эсэхийг үл харгалзан албан татвар ногдуулна.

2.Автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл ашиглалтаас хасагдсан тохиолдолд улсын бүртгэлээс хассан тухай албан ёсны баримт бичгийг үндэслэн түүнд ногдох албан татварыг дараа улирлаас эхлэн зогсооно. Албан татвар төлөгч автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн тохиолдолд түүний албан татвар төлөх үүрэг дараа улирлаас эхлэн дуусгавар болно.

3.Албан татвар ногдох автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг бүртгэх, бүртгэлээс хасах журмыг санхүү, төсвийн болон зам, тээврийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална. /Энэ хэсгийг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар "татвар, гааль, зам, тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага" гэснийг "санхүү, төсвийн болон зам, тээврийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд" гэж өөрчлөлт оруулсан./

7 дугаар зүйл. Албан татвар төлөх хугацаа

1.Хувь хүн нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлнө. Хэрэв 6 дугаар сарын 1-нээс хойш авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг импортоор оруулж ирсэн бол харьяалах татварын албанд тухайн жилдээ багтаан үлдсэн хугацаанд ногдох татварыг төлнө.

/Энэ хэсэгт 1998 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан, энэ хэсгийг 2000 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хууль, 2003 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөн найруулсан, энэ хэсэгт 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Аж ахуйн нэгж, байгууллага автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн сүүлчийн сарын 25-ны дотор багтаан төсөвт төлнө. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

3.Татвар төлөгч дараа улирал, жилийн албан татварыг урьдчилан төлж болно.

8 дугаар зүйл. Албан татварын талаар замын хөдөлгөөн зохицуулах байгууллагын үйл ажиллагаа

1.Автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл бүртгэх эрх бүхий байгууллага нь автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигчийн татвар төлсөн тухай татварын албаны мэдээлэлд үндэслэн шилжилт хөдөлгөөнийг бүртгэнэ. Замын хөдөлгөөн зохицуулах байгууллага нь автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн бүртгэл, шилжилт хөдөлгөөний мэдээг тухай бүр татварын албанд гаргаж өгнө. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

/Энэ хэсгийг 1997 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2.Замын хөдөлгөөн зохицуулах байгууллага автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хураах ажилд туслалцаа үзүүлнэ. Татварын алба, замын хөдөлгөөн зохицуулах байгууллага автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн техникийн үзлэг, татварын хяналт шалгалтын ажлыг хамтатган зохион байгуулна.

3.Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн техникийн үзлэгийн гэрчилгээ нь албан татвар төлсөн тухай тэмдэглэлтэй байна.

/Энэ хэсгийг 1997 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

9 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

Энэ хууль 1993 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.РИНЧИНДОРЖ

Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.