12 дугаар зүйл. Төрийн байгуулал, улс орны удирдлагын талаархи Ерөнхийлөгчийн бүрэн эрх
1.Улсын Их Хурлын анхдугаар чуулганыг товлон зарлах буюу улс орны чанартай хойшлуулшгүй чухал асуудлыг хэлэлцүүлэхээр Улсын Их Хурлын ээлжит бус чуулган чуулахыг санаачилна. Ерөнхийлөгчийн санаачилгаар ээлжит бус чуулган чуулах бол Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчтэй тохиролцсон хугацаанд уул чуулганыг товлон зарлана.
2.Улсын Их Хуралд олонх суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхын суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхыг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхыг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч 5 хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.
/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
3.Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш 45 хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах тухай шийдвэр гаргана. Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах бол зарлиг гаргана.
/Энэ хэсгийг 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
4.Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай Ерөнхий сайдаас тавьсан саналын талаар түүнтэй зөвшилцөнө. Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах талаар Ерөнхий сайдаас ирүүлсэн саналтай танилцана.
/Энэ хэсгийн дугаарыг 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчилсөн/
/Энэ хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
5.Улсын Их Хурлын чуулганд өөрийн тааллаар оролцон улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, төрийн бодлогын аливаа асуудлаар Улсын Их Хуралд саналаа оруулна.
/Энэ хэсгийн дугаарыг 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчилсөн/
6.Хууль санаачлах бүрэн эрхийнхээ дагуу боловсруулсан хуулийн болон түүнтэй холбогдох шийдвэрийн төслийг хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлнэ.
/Энэ хэсгийн дугаарыг 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчилсөн/
7.Хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар саналаа илэрхийлж болно. Энэ нь уул хуульд хориг тавих бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй.
/Энэ хэсгийн дугаарыг 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчилсөн/
8.Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавина.
/Энэ хэсгийн дугаарыг 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчилсөн/
9.Монголын ард түмний эв нэгдэл, улс орны эдийн засаг, улс төрийн тогтвортой байдлыг хангах, шаардлагатай гэж үзвэл бусад асуудлаар Улсын Их Хуралд болон ард түмэндээ хандан илгээлт гаргана.
/Энэ хэсгийн дугаарыг 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчилсөн/
10.Ард нийтийн санал асуулга явуулах саналыг хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хуралд оруулна.
/Энэ хэсгийн дугаарыг 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчилсөн/
11.Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал болгох тухайгаа зөвшилцөхөөр Улсын Их Хурлын даргад албан ёсоор мэдэгдэнэ. Улсын Их Хурлын дарга уул саналыг зөвшөөрөөгүй нь Ерөнхийлөгч саналаа Улсын Их Хуралд оруулахад саад болохгүй.
/Энэ хэсгийн дугаарыг 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчилсөн/
12.Үндэсний аюулгүй байдал, эв нэгдлийг хангах болон өөрийн бүрэн эрхэд хамаарах бусад асуудлаар Үндсэн хуульд заасны дагуу Засгийн газарт чиглэл өгнө.
/Энэ хэсгийн дугаарыг 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчилсөн/
13.Ерөнхийлөгчийн зарлигийн биелэлтийн талаар Засгийн газрын мэдээллийг сонсоно.
/Энэ хэсгийн дугаарыг 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчилсөн/
14.Засгийн газрын хуралдаанд өөрийн тааллаар оролцож, санал бодлоо илэрхийлнэ.
/Энэ хэсгийн дугаарыг 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчилсөн/
15.Улсын Их Хурлаас тодорхойлсон Монгол Улсын дотоод, гадаад бодлогод нийцээгүй үйл ажиллагаа явуулсан болон үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй байгаа, түүнчлэн Засгийн газарт чиглэл өгөх тухай Ерөнхийлөгчийн зарлигийг Засгийн газар хэрэгжүүлээгүй нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд саад болсон гэж үзвэл Засгийн газрыг огцруулах саналыг Улсын Их Хуралд оруулна.
/Энэ хэсгийн дугаарыг 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчилсөн/
/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
16.Бүх шатны шүүгчийг хуульд заасны дагуу томилно.
/Энэ хэсгийн дугаарыг 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчилсөн/
17.Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг томилох тухай саналаа Улсын Их Хуралд оруулна. Улсын Их Хурал уг саналыг татгалзсан бол өөр хүнийг санал болгоно.
/Энэ хэсгийн дугаарыг 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчилсөн/
18.Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг хуульд заасны дагуу томилж, чөлөөлнө.
/Энэ хэсгийг 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсгийг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
19.Төрийн тамгыг хууль тогтоомжид заасны дагуу барина.
/Энэ хэсгийн дугаарыг 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 2012 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/