14 дугаар зүйл. Гадаад харилцааны талаархи Ерөнхийлөгчийн бүрэн эрх
1.Гадаад харилцаанд Монгол Улсыг бүрэн эрхтэй төлөөлж, мэдэгдэл, хэлэлцээ хийх, хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хуралтай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулна.
2.Гадаад улсад айлчлах болон айлчлалын дүнгийн талаар Улсын Их Хуралд мэдээлэл хийнэ.
3.Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татна. Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнээр томилуулахаар санал болгосон нэр дэвшигч хуралдаанд оролцсон нийт гишүүний олонхийн дэмжлэг авч чадаагүй тохиолдолд Ерөнхийлөгч дахин өөр санал оруулна. Өмнө нь олонхийн дэмжлэг авч чадаагүй нэр дэвшигчийг тухайн албан тушаалд томилох буюу дахин нэр дэвшүүлэхийг хориглоно.
/Энэ хэсэгт 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
4.Монгол Улсад суух гадаад улсын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүний итгэмжлэх, эгүүлэн татах жуух бичгийг Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6-д зааснаар хүлээн авна.
5.Тодорхой асуудлаар өөрийн бие төлөөлөгчийг гадаад улсад түр хугацаагаар томилон ажиллуулна.