33 дугаар зүйл. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын эрхлэх ажил
1.Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын шийдвэр боловсруулах, хэрэгжүүлэх, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын харилцан ажиллагааг зохицуулахад туслах, хүний нөөцийн удирдлага, нийтлэг үйлчилгээний удирдлагаар хангах асуудлыг эрхлэн гүйцэтгэнэ. Түүний дотор:
1/Засгийн газрын шийдвэрийг боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, энэ талаар яам, Засгийн газрын агентлагийн үйл ажиллагааг зохицуулна;
2/Засгийн газрын стратегийн удирдлага, төлөвлөлт санхүүгийн нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ;
3/төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлж, үүнтэй холбогдсон тэргүүний арга барилыг нэвтрүүлнэ;
4/нийтлэг үйлчилгээний бодлогыг боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг шаардлагатай зөвлөлгөө, удирдлага, зохицуулалтаар хангана;
5/Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг шаардлагатай зөвлөлгөө, үйлчилгээгээр цаг тухайд нь хангана;
6/танхимын хуралдаанд хэлэлцүүлэхээр ирүүлсэн асуудлыг зохих журмын дагуу бэлтгэж хуралдаанд оруулна;
7/танхимын хуралдааны зохион байгуулалт, техникийн бэлтгэлийг хангана;
8/Засгийн газрын шийдвэрийг хэлбэржүүлэн гаргаж нийтэлж мэдээлнэ;
9/Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлж, гүйцэтгэлд хяналт тавьж, үр дүнг нэгтгэн тодорхойлно;
10/танхимын хуралдааны явцын тэмдэглэл, Засгийн газарт орж гарах бичиг хэргийн ажиллагааг эрхэлж зохион байгуулна;
11/Засгийн газарт иргэд, байгууллагаас ирүүлсэн санал, өргөдөл, гомдлыг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлүүлнэ;
12/хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд тавих хяналт шалгалтыг зохион байгуулна. /Энэ заалтыг 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
13/бодлогын баримт бичгийн биелэлт, гүйцэтгэлийг улсын хэмжээнд нэгтгэн тооцож, цаашид авах арга хэмжээний талаарх саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ; /Энэ заалтыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтыг 2025 оны 06 дугаар сарын 25 -ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
14/Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын төсвийн багцын дотоод аудит, хяналтыг хэрэгжүүлнэ. /Энэ заалтыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
2.Хэрэг эрхлэх газрын дүрэм, бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газар батална.
/Энэ хэсгийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
3.Засгийн газар шаардлагатай бол зөвлөл, ажлын бусад албыг байгуулж зардлынхаа төсөвт багтаан ажиллуулж болно.
/Энэ зүйлийг 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/