12 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх
12.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга дараахь бүрэн эрхтэй:
12.1.1.иргэдэд газар өмчлүүлэх талаархи төрийн нэгдсэн бодлого, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулах;
12.1.2.сум, дүүргийн Засаг даргын саналыг хянаж нэгтгэн тухайн жилд аймаг, нийслэлийн хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээний тухай саналыг сум, дүүрэг бүрээр, энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан зориулалт тус бүрээр боловсруулж аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх;
12.1.3.аймгийн төвийн сумын Засаг дарга болон нийслэлийн дүүргийн Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах;
12.1.4.аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэрээр газар өмчилж авсан иргэн өмчийнхөө газрыг гадаадын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөл, эзэмшилд шилжүүлсэн, газар тариалангийн газрыг зориулалт бусаар ашигласан, хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан тохиолдолд тухайн газрыг хураан авах шийдвэр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах;
12.1.5.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.