14 дугаар зүйл. Сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

14 дугаар зүйл. Сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх

14.1.Сум, дүүргийн Засаг дарга дараахь бүрэн эрхтэй:

14.1.1.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулах;

14.1.2.сум, дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд тухайн жилд иргэдэд өмчлүүлэх газрын байршил, нийт хэмжээний тухай саналыг дүүргийн хувьд хороо бүрээр, энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан зориулалт тус бүрээр, сумын хувьд баг, тосгон бүрээр, энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан зориулалт бүрээр тус тус боловсруулж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлэх;

14.1.3.аймгийн төвийн сумын болон нийслэлийн дүүргийн Засаг дарга иргэдийн газар өмчлөх хүсэлтийг хүлээн авч аймаг, нийслэлийн Засаг даргад уламжлах, бусад сумын Засаг дарга уг өргөдлийг хүлээн авч тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах;

14.1.4.өмчийнхөө газрыг бусдад эзэмшүүлэх, ашиглуулахаар гаргасан иргэний хүсэлтийг хүлээн авч бусдад эзэмшүүлэх, ашиглуулах зөвшөөрөл олгох;

14.1.5.иргэн өмчийнхөө газрыг гадаадын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөл, эзэмшилд шилжүүлсэн, газар тариалангийн газрыг зориулалт бусаар ашигласан, хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан тохиолдолд тухайн иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргасан сумын Засаг дарга газрыг нь хураан авах шийдвэр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах, эсхүл тухайн иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргасан аймаг, нийслэлийн Засаг даргад шүүхэд нэхэмжлэл гаргах саналыг уламжлах;

14.1.6.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.