27 дугаар зүйл. Газар өмчлөгч иргэний эрх, үүрэг
27.1.Газар өмчлөгч иргэн дараахь эрхтэй:
27.1.1.бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар олгогдсон хэмжээ, хязгаарын дотор өмчийнхөө газрыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах;
27.1.2.өмчийн газраа энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу бусдад эзэмшүүлэх, ашиглуулах;
27.1.3.өмчийнхөө газрыг зохих журмын дагуу иргэнд худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх зэргээр захиран зарцуулах;
/Энэ заалтад 2005 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
27.1.4.өмчийнхөө газрыг зохих журмын дагуу иргэнд болон банк, банк бус санхүүгийн байгууллагад барьцаалах;
/Энэ заалтыг 2005 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/
27.1.5.өмчийн газрыг нийтийн эдэлбэр, тусгай хэрэгцээнд түр ашиглуулахад харилцан тохиролцсоны дагуу зохих төлбөр авах;
/Энэ заалтын дугаарт 2005 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
27.1.6.холбогдох хууль тогтоомжид заасны дагуу өмчийн газрынхаа түгээмэл тархацтай ашигт малтмалыг гэр бүлийнхээ хэрэгцээнд ашиглах, уг газарт худаг гаргаж усыг нь ашиглах;
/Энэ заалтын дугаарт 2005 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
27.1.7.холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, дүрэм, журам, шаардлагад нийцүүлэн өмчийнхөө газарт барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ барих, ашиглах;
/Энэ заалтын дугаарт 2005 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
27.1.8.өмчийнх нь газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн солих буюу эргүүлж авсан тохиолдолд энэ хуульд заасны дагуу нөхөх олговор авах;
/Энэ заалтын дугаарт 2005 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
27.1.9.хууль тогтоомжид заасан бусад эрх, давуу эрх.
/Энэ заалтын дугаарт 2005 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
27.2.Газар өмчлөгч иргэн дараахь үүрэг хүлээнэ:
27.2.1.Газрын тухай болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлэх;
27.2.2.газар тариалангийн газраа зориулалтаар нь ашиглах;
27.2.3. өмчилж авсан газраа кадастрын болон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд, өмчийн газраа бусад иргэдийн өмчлөлд шилжүүлэх, бусдад эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон болон барьцааны гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх;
/Энэ заалтад 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
27.2. Иргэний хувийн өмчийн газрын заагийг газар дээр нь тогтоох, тэмдэглэх, заагийн өөрчлөлтийг бүртгэж газрын мэдээллийн санд оруулах, хянах үйл ажиллагааг сумын газрын даамал, дүүргийн газрын алба тус тус хариуцан гүйцэтгэнэ.
/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
27.2.4.өмчийн газар дээр нь байрлуулсан заагийн болон геодезийн цэг, тэмдэгтийг хамгаалах, бүрэн бүтэн байлгах;
27.2.5.газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч бусад этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироох, өмчийн газар дээрээ хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөх аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх;
27.2.6.газрын төлөв байдал, чанарыг дордуулахгүй байх;
27.2.7.өмчийнхөө газрыг ашиглах явцад барилгын, экологийн, ариун цэврийн, эрүүл ахуйн, галын аюулгүй байдлын болон бусад холбогдох стандарт, дүрэм, журам, шаардлагыг сахиж мөрдөх;
27.2.8.өмчийн газрынхаа газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг өөрийн зардлаар 5 жил тутамд эрх бүхий байгууллагаар хийлгүүлж байх;
27.2.9.хууль тогтоомжид заасан бусад үүрэг.