29 дугаар зүйл. Иргэн өмчийн газраа бусдад эзэмшүүлэх, ашиглуулах

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

29 дугаар зүйл. Иргэн өмчийн газраа бусдад эзэмшүүлэх, ашиглуулах

29.1.Иргэн өмчийн газраа зориулалтаар нь, тодорхой хугацаагаар сум, дүүргийн Засаг даргын зөвшөөрлөөр бусдад эзэмшүүлж, ашиглуулж болно.

29.2.Иргэн өмчийн газраа бусдад эзэмшүүлэх, ашиглуулах зөвшөөрөл авах тухай хүсэлтээ сум, дүүргийн Засаг даргад бичгээр гаргана.

29.3.Энэ хуулийн 29.2-т заасан хүсэлтэд өмчийн газраа бусдад эзэмшүүлэх, ашиглуулах зориулалт, хугацаа зэргийг зааж, 18 нас хүрсэн гэр бүлийн гишүүн бүр буюу бусад хамтран дундаа эзэмшигч бүр гарын үсэг зурна.

29.4.Энэ хуулийн 29.2-т заасан хүсэлтэд иргэний өмчийн газраа эзэмшүүлэх, ашиглуулах талаар тухайн газрыг эзэмших, ашиглах этгээдтэй байгуулсан, нотариатчаар гэрчлүүлсэн гэрээний эх хувийг хавсаргана.

29.5.Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 29.2-т заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор зөвшөөрөл өгөх эсэхийг шийдвэрлэнэ.

29.6.Иргэний өмчийн газрыг эзэмших, ашиглах этгээд нь энэ хууль, Газрын тухай, Газрын төлбөрийн тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хууль зөрчиж байсан бол, түүнчлэн тухайн газарт хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харш үйл ажиллагаа явуулж болзошгүй нь тогтоогдвол сум, дүүргийн Засаг дарга зөвшөөрөл олгохоос татгалзаж болно.

29.7.Иргэний өмчийн газрыг эзэмшиж, ашиглаж буй этгээд нь энэ хууль, Газрын тухай, Газрын төлбөрийн тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай, Байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийг зөрчсөн, түүнчлэн тухайн газарт хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харш үйл ажиллагаа явуулбал сум, дүүргийн Засаг дарга олгосон зөвшөөрлөө хүчингүй болгоно.

29.8.Сум, дүүргийн Засаг даргын зөвшөөрөл олгохтой холбогдсон гомдлыг шүүх шийдвэрлэнэ.

29.9.Иргэний өмчийн газрыг гэрээний үндсэн дээр хөлсөлж, түрээсэлж байгаа гадаадын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн уг газрыг бусдад дамжуулан хөлслөх, дамжуулан түрээслэхийг хориглоно.

29.10.Иргэний өмчийн газрыг эзэмших, ашиглах, түр ашиглах эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ.

/Энэ хэсгийг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.