11 дугаар зүйл. Төрийн ордон, түүний нутаг дэвсгэрт хориглох зүйл
11.1.Төрийн ордон, түүний нутаг дэвсгэрт дор дурдсан зүйлийг хориглоно:
11.1.1.энэ хуульд зааснаас бусад байгууллага Төрийн ордонд байрлах;
11.1.2.Төрийн ордны хурал, зөвлөлгөөн, уулзалтын танхим, албан тасалгаанд энэ хуульд зааснаас бусад үйл ажиллагаа явуулах;
11.1.3.Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газрын шийдвэрийн дагуу цэргийн жагсаал, баяр ёслол үйлдэх болон хуульд заасан үндэслэл бий болсны улмаас Төрийн ордныг хамгаалах зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд Төрийн ордны нутаг дэвсгэрт цэрэг, цагдаагийн хүч, байлдааны зэвсэг, техник хуралдуулах;
11.1.4.Төрийн ордон, түүний нутаг дэвсгэрт жагсаал, цуглаан, өлсгөлөн, суулт хийх зэргээр шаардлагаа илэрхийлэх, Төрийн ордонд нэвтрэгчид саад хийх;
11.1.5.Төрийн ордны нутаг дэвсгэрт Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж барих, хамгаалалтын албаны зөвшөөрөлгүйгээр засварын ажил хийх, газар ухах;
11.1.6.Төрийн ордон, түүний нутаг дэвсгэрт энэ хуулийн 9.2.-т заасан журмаар зөвшөөрөгдсөнөөс бусад үйлчилгээ явуулах.
11.2.Төрийн ордонд нэвтрэгчид дор дурдсан зүйлийг хориглоно:
11.2.1.тэсэрч дэлбэрэх, амьсгал боогдуулах, нулимс асгаруулах, хордуулах, мансууруулах болон цацраг идэвхт бодис, зэвсэг хэрэгсэл авч орох;
11.2.2.зохих журмын дагуу олгосон нэвтрэх үнэмлэхэд зааснаас өөр хаалгаар нэвтрэх, үнэмлэхэд заасан хугацааг хэтрүүлэх, бусдын үнэмлэхийг ашиглах;
11.2.3.Төрийн ордон дахь эд хөрөнгө, хүндэтгэлийн зүйлийг гэмтээх;
11.2.4.Төрийн ордон, түүний нутаг дэвсгэрт согтуугаар нэвтрэх, төрийн ёслолын чанартай арга хэмжээнээс бусад тохиолдолд согтууруулах ундаа хэрэглэх.
БУСАД ЗҮЙЛ