9 дугаар зүйл. Төрийн нарийн бичгийн дарга

МОНГОЛ УЛСЫН ЯАМНЫ ЭРХ ЗYЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Төрийн нарийн бичгийн дарга

9.1.Төрийн нарийн бичгийн даргыг Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газар томилж, чөлөөлнө.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

9.2.Төрийн нарийн бичгийн даргыг Монгол Улсын Засгийн газрын тухай хууль болон Төрийн албаны тухай хуульд зааснаас өөр үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халах, захиргааны санаачлагаар албан тушаалаас нь бууруулахыг хориглоно.

/Энэ хэсгийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.3.Төрийн нарийн бичгийн дарга яамны аппаратын ажлыг мэргэшлийн үндсэн дээр зохион байгуулж, удирдана.

9.4.Төрийн нарийн бичгийн дарга үйл ажиллагаандаа хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, тэдгээрт нийцсэн сайдын тушаал, үүрэг даалгаврыг удирдлага болгоно.

9.5.Төрийн нарийн бичгийн дарга нь яамны аппаратын ажлын үр дүнг сайдын өмнө хариуцна.

9.6.Төрийн нарийн бичгийн дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.6.1.яамны аппаратын ажлыг өдөр тутмын удирдлагаар хангах, яамны хэмжээнд мөрдөх дүрэм, заавар, журмыг хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, сайдын тушаалд нийцүүлэн баталж, мөрдүүлэх;

9.6.2.хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, сайдын тушаал, Засгийн газрын хуралдаан, Ерөнхий сайд, сайдаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх ажлыг зохион байгуулж, явц, биелэлтэд хяналт тавих;

9.6.3.яамны төсвийн ерөнхий менежерийн хувьд сайдтай үр дүнгийн гэрээ байгуулж, гүйцэтгэлийг дүгнүүлэх;

9.6.4.сайдаас эрхлэх асуудлынхаа хүрээний агентлаг, бусад этгээдтэй үр дүнгийн гэрээ байгуулахад нь болон салбарын бодлого зохицуулалт, хэрэгжилтийг хянах асуудлаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх;

9.6.5.сайдын даалгаснаар эрхлэх асуудлынх нь хүрээний агентлаг, бусад байгууллагын удирдлагатай харилцах;

9.6.6.бүрэн эрхийнхээ асуудлаар холбогдох байгууллагатай шууд харилцах;

9.6.7.яамны үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөнд заасан хүрээнд хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх;

9.6.8.батлагдсан төсөв, орон тооны дээд хязгаартаа багтаан яамны төсвийн хөрөнгийг тогтоосон журмын дагуу захиран зарцуулах;

9.6.9.хууль тогтоомжид заасны дагуу ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас нь бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, төрийн албанаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халах;

9.6.10.ажилтныг ажлын үр дүнгээр нь шагнаж урамшуулах;

9.6.11.ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах;

9.6.12.зохих журмын дагуу яамны нэр дээр банкинд харилцах данс нээх;

9.6.13.хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрээр олгосон болон сайдаас шилжүүлсэн бусад бүрэн эрх.

9.7.Сайдын түр эзгүйд түүний даалгаснаар байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн бичигт хариу өгч, гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үр дагаврыг өөрөө хариуцна.

9.8.Төрийн нарийн бичгийн дарга энэ хуулийн 9.6-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх асуудлаар хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрт нийцүүлэн яамны хэмжээнд мөрдөх тушаал гаргаж, биелэлтийг хангуулна.

9.9.Төрийн нарийн бичгийн даргын гаргасан тушаал нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, сайдын тушаалыг зөрчсөн нь тогтоогдсон бол түүнийг уг албан тушаалтан өөрөө, хэрэв уг албан тушаалтан хууль тогтоомжид заасан хугацаанд шийдвэрлээгүй бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол сайд тус тус хүчингүй болгоно. Тухайн тушаалтай холбоотой маргаан гарсан тохиолдолд иргэн, хуулийн этгээд шүүхэд нэхэмжлэлээ гаргаж болно.

9.10.Төрийн нарийн бичгийн даргад зөвлөх үүрэг бүхий яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга нараас бүрдсэн зөвлөл байгуулан ажиллуулж болно. Зөвлөлийн ажиллах журмыг Төрийн нарийн бичгийн дарга батална.

9.11.Төрийн нарийн бичгийн даргыг түр эзгүйд албан үүргийг нь түр орлон гүйцэтгүүлэх шаардлагатай гэж үзвэл энэ тухай шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэн сайд гаргана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.