3 дугаар зүйл. Цэцийг байгуулах журам

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Цэцийг байгуулах журам

1.Цэцийн есөн гишүүний гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилох бөгөөд Цэцийн гишүүнийг нэг удаа улируулан томилж болно. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ заалтын “… нэр дэвшигчийн сонсгол хийж … ” гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 05 дугаар дүгнэлтээр 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэнийг Монгол Улсын Их Хурлын 2023 оны 10 дугаар сарын 05-ны 78 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн. Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон./

/Энэ хэсгийг 2016 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийн "Цэцийн гишүүнийг нэг удаа улируулан томилж болно" гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/

2. Цэцийн гишүүнээр томилох хүний тухай Улсын Их Хуралд санал болгохдоо Улсын Их Хурлын дарга зохих байнгын хороодын санал дүгнэлтийг үндэслэн захирамж, Ерөнхийлөгч захирамж, Улсын Дээд шүүх гишүүдийнхээ олонхийн саналыг үндэслэн зохих шийдвэр гаргана.

З. Санал болгосон хүнийг Улсын Их Хурал Цэцийн гишүүнээр томилохоос татгалзсан бол санал оруулсан байгууллага, албан тушаалтан долоо хоногийн дотор энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар өөр хүний нэр дэвшүүлнэ.

4. Цэцийн гишүүнийг нөхөн томилохдоо орон гарсан гишүүнийг урьд томилох санал болгосон эрх бүхий байгууллага, албан тушаалтан саналаа арван дөрвөн хоногийн дотор гаргах бөгөөд түүнийг Улсын Их Хурал гуч хоногийн дотор шийдвэрлэнэ.

5. Цэцийн бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгч орж үл болно. Цэцийн гишүүн Засаг захиргаа, нам-улс төрийн болон худалдааны үйл ажиллагаа эрхэлж, үйлдвэрчний эвлэлийн удирдах ажил хийж болохгүй.

6. Цэцийн гишүүн Улсын Их Хурлын гишүүнд буюу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлбэл тухайн сонгуулийн дүн гартал Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ.

/Энэ хэсгийг 1997 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/

7.Цэцийн гишүүн Цэцээр хянан шийдвэрлэх маргаантай асуудал болон Цэцийн хянаж байгаа маргааны талаар Цэцийн шийдвэр гараагүй байхад өөрийн санал, дүгнэлтийг олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цэцийн хуралдааны явцад ямар нэгэн хэлбэрээр урьдчилан илэрхийлэхийг хориглоно.

/Энэ хэсгийг 1997 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийг 2016 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.