Хорин долдугаар зүйл.
1.Улсын Их Хурал бүрэн эрхээ чуулган, зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжүүлнэ.
2.Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа далан таваас доошгүй ажлын өдөр чуулна.
/Энэ хэсгийг 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан бөгөөд уг өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэцийн 2000 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон. Мөн хэсгийг 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан. Мөн хэсэгт 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөлт оруулсан./
3.Улсын Их Хурлын гишүүдийн гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргын санаачилгаар ээлжит бус чуулган чуулж болно.
4.Улсын Их Хурлын анхдугаар чуулганыг сонгууль явуулсан өдрөөс хойш гуч хоногийн дотор Ерөнхийлөгч, бусад чуулганыг Улсын Их Хурлын дарга товлон зарлана.
5.Ерөнхийлөгч онц болон дайны байдал зарлавал түүнээс хойш далан хоёр цагийн дотор Улсын Их Хурал онцгой чуулганаа тусгайлан товлохгүйгээр чуулна.
6.Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.
Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар хуулийг эцэслэн батална.
/Энэ хэсгийг 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан бөгөөд уг өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэцийн 2000 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон. Мөн хэсгийг 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан. Мөн хэсгийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан./
7.Улсын Их Хурлын гишүүд саналаа илээр гаргаж асуудлыг шийдвэрлэнэ. Үндсэн хууль, бусад хуульд заасан, эсхүл хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бол нууц санал хураалт явуулна.
/Энэ хэсгийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр нэмсэн./