24 дугаар зүйл. Нийгмийн халамжийн байгууллагын тогтолцоо, хяналт

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

24 дугаар зүйл. Нийгмийн халамжийн байгууллагын тогтолцоо, хяналт

24.1.Нийгмийн халамжийн байгууллагын тогтолцоо нь нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, сум, хорооны нийгмийн ажилтнаас бүрдэнэ.

24.2.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Засгийн газрын хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий агентлаг байна.

24.3.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргыг хуульд заасны дагуу нэр дэвшүүлж нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар, аймаг, нийслэлийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын даргыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын даргыг нийслэлийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө.

/Энэ хэсгийг 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

24.4.Сумын нийгмийн ажилтныг сумын Засаг даргатай зөвшилцөн аймгийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын дарга, хорооны нийгмийн ажилтныг дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын дарга томилж, чөлөөлнө.

24.5.Сум, хорооны нийгмийн ажилтны орон тооны жишиг нормативыг тухайн засаг захиргааны нэгжийн хүн ам, нийгмийн халамжид хамрагдах өрх, иргэний тоог харгалзан нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

24.6.Тэтгэвэр, тэтгэмж олгох, нийгмийн халамжийн болон нийгмийн хөгжлийн үйлчилгээ үзүүлэх ажлыг аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, сум, хорооны нийгмийн ажилтан зохион байгуулна.

24.7.Нийгмийн халамжийн хяналтыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хэрэгжүүлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

24.8.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь нийгмийн халамжийн үйлчилгээний анхан, дунд шатны байгууллагад мэргэжлийн зөвлөгөө өгөх, тэтгэвэр, тэтгэмжийн олголт, үйлчилгээний чанар хүртээмж болон халамжийн сангийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих чиг үүрэг бүхий хяналт, шинжилгээ, үнэлгээний нэгжтэй байна. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

24.9.Аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь энэ хуулийн 24.8-д заасан чиг үүрэг бүхий ажилтантай байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.