16 дугаар зүйл. Бэлэг авахтай холбогдсон хязгаарлалт
16.1.Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан бусдаас бэлэг шууд буюу шууд бусаар авахыг хориглоно.
16.2.Энэ хуулийн 16.1-д заасан хориглолтод албан тушаалтанд албан үүрэгтэй нь холбогдолгүй өгсөн бэлэг болон албан үүрэгтэй нь холбогдуулан дипломат журмаар өгсөн бэлэг хамаарахгүй.
16.3.Албан тушаалтан дипломат журмаар бэлэг авах, тайлагнах, зарцуулах журмыг Засгийн газар батална.
16.4.Гэр бүлийн гишүүн болон төрөл, садангийн хүнээс бусад этгээдээс авсан нэг удаагийн бэлэг, үйлчилгээний үнэ, хөлс тухайн албан тушаалтны нэг сарын цалинтай тэнцэх хэмжээнээс хэтэрсэн, эсхүл нэг эх сурвалжаас нэг жилийн туршид хүлээн авсан бэлэг, үйлчилгээний үнэ, хөлс тухайн албан тушаалтны гурван сарын цалинтай тэнцэх хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд уг албан тушаалтан энэ тухай эрх бүхий албан тушаалтанд 30 хоногийн дотор бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх үүрэгтэй. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
16.5.Албан тушаалтны авсан бэлэг, үйлчилгээний үнэ, хөлс тухайн албан тушаалтны зургаан сарын цалингийн хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд түүнийг төрийн өмчид шилжүүлнэ.
16.6.Албан тушаалтан зургаан сарын цалингийн хэмжээнээс илүү гарсан бэлэг, үйлчилгээний үнэ, хөлсний зөрүүг өөрөө төлж тухайн бэлэг, үйлчилгээг хүлээн авч болно.
16.7.Албан тушаалтан бэлэг авахаас өмнөх хоёр жилийн хугацаанд бэлэг өгөгч этгээдтэй холбогдох захиргааны шийдвэр, удирдлага, хяналт, шалгалт, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах зэрэг албан үүрэг хэрэгжүүлсэн бол түүнийг тухайн бэлэг өгөгч этгээдээс албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан бэлэг авсанд тооцно.
/Энэ хэсэгт 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
16.8.Энэ хуулийн 16.4-т заасан этгээдээс бэлэг авсан бол албан тушаалтан тухайн этгээдтэй холбогдох захиргааны шийдвэр гаргах, удирдах, хянах, шалгах, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах зэрэг албан үүргийг хоёр жилийн хугацаанд гүйцэтгэхгүй.
/Энэ хэсэгт 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
16.9.Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн төрд ногдох хувийг эзэмшигчийн төлөөлөгч албан тушаалтан нь тухайн хуулийн этгээдэд ажиллах хугацаандаа, түүнчлэн албан үүргээ гүйцэтгэж дууссанаас хойш хоёр жилийн хугацаанд тухайн хуулийн этгээд, түүний удирдлагын гишүүдээс бэлэг авахыг хориглоно.
16.10.Албан тушаалтны төрийн өмчлөлд шилжүүлсэн бэлэг, үйлчилгээний үнэ, хөлсийг үнэлэх, хадгалах, зарцуулах журмыг Засгийн газар батална.
16.11.Мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх шагналыг энэ хуулийн 16.1-16.10-т заасан журмаар зохицуулна.