20 дугаар зүйл. Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон хориглолт

НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

20 дугаар зүйл. Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон хориглолт

20.1.Хуульд өөрөөр заагаагүй бол албан тушаалтан энэ хуулийн 18.6-д зааснаас бусад аж ахуйн үйл ажиллагаа гардан эрхлэх болон аж ахуйн нэгжийн удирдах бүтцэд ажиллахыг хориглоно.

/Энэ хэсэгт 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

20.2.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг, танилцуулдаг байгууллагын дарга, тэдгээрийн тэргүүн дэд, дэд дарга, орлогч дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, Улсын Их Хуралд суудал бүхий намын дарга, төрийн өмчит компани, олон улсын байгууллагын дарга, захирлын албан тушаал эрхэлж байсан болон эрхэлж байгаа хүн, эсхүл түүнтэй хамаарал бүхий этгээд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны нийлүүлэгч, гүйцэтгэгч, төрийн санхүүгийн нөөц бүрдүүлэгч, төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч аж ахуйн нэгжийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний эцсийн өмчлөгч, хөрөнгө эзэмшигч, хамтрагч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа хувиараа аж ахуй эрхлэгч байж болохгүй. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, энэ хэсэгт 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

20.3.Энэ хуулийн 20.2-т заасан албан тушаалтан, түүнтэй хамаарал бүхий этгээд энэ зүйлд заасан үүргийг нийтийн албанаас чөлөөлөгдсөний дараа хоёр жилийн хугацаанд мөн биелүүлнэ.

20.4.Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлага, хяналт, захиргаанд ажилладаг албан тушаалтан тухайн хуулийн этгээдэд нийлүүлэх төрийн болон орон нутгийн хэрэгцээний бараа, ажил, үйлчилгээ худалдан авах захиалгын нийлүүлэгчээс ашиг авахыг хориглоно.

20.5.Албан тушаалтан нийтийн албанаас чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа төрийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, улсын болон орон нутгийн нөөцийн хуваарилалт, удирдах, хянах, хариуцлага хүлээлгэх зэрэг асуудлаар шийдвэр гаргаж байсан аж ахуйн нэгжийн хувь, хөрөнгө эзэмшигч, хамтрагч болох, тус аж ахуйн нэгжээс хөрөнгө шилжүүлж авахыг хориглоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.