201 дугаар зүйл. Улс төрд нөлөө бүхий зарим этгээдэд тавих хориглолт, хязгаарлалт /Энэ зүйлийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
201.1. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга, эсхүл түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд төрөөс санхүүжүүлэх, хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт, арилжааны шинжтэй төсөл, хөтөлбөр, төрөөс олгох хөнгөлөлт, баталгаа, хандив, зээл хүртэгч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний эцсийн өмчлөгч, хөрөнгө эзэмшигч, хамтрагч байж болохгүй. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
201.2.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг даргын эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд төрийн албаны удирдах албан тушаал эрхлэх, төрийн болон орон нутгийн өмчит компани, улсын үйлдвэрийн газрын гүйцэтгэх удирдлагад ажиллахыг хориглоно. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
201.3.Энэ хуулийн 20.2, 201.1, 201.2-т заасныг зөрчсөн нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон холбогдох бусад хуульд заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор гэм буруутай нь тогтоогдсон бол тухайн албан тушаалтныг чөлөөлөх, огцруулах, эгүүлэн татах үндэслэл болно. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
Тайлбар: -Энэ хуулийн 201.1, 201.2-т заасан “хүүхэд” гэдэгт эхнэр, нөхөр, хамтран амьдрагчийн одоо хамт амьдарч байгаа төрсөн, үрчлэн авсан хүүхдийг ойлгоно. /Энэ тайлбарыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
-Энэ хуулийн 20.2, 201.1-д заасан “нөлөө бүхий хувьцаа эзэмшигч” гэж тухайн компанийн гаргасан саналын эрхтэй нийт хувьцааны тав, түүнээс дээш хувийг дангаараа, эсхүл холбогдох этгээдийн хамт эзэмшиж байгаа болон тэдгээрийн саналын эрхийг хууль болон гэрээнд заасны дагуу хэрэгжүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийг ойлгоно. /Энэ тайлбарыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
-Энэ хуулийн 201.2-т заасан “төрийн албаны удирдах албан тушаал” гэдэгт Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасан томилогдох төрийн өндөр албан тушаалтан, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтан, мөн хуулийн 18.2-т заасан тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалыг ойлгоно. /Энэ тайлбарыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./