15 дугаар зүйл. Мэргэшлийн хороо
15.1.Нотариатчийн мэргэшил, ур чадварын түвшинд дүгнэлт гаргах, мэргэшлийн шалгалт явуулах чиг үүрэг бүхий Мэргэшлийн хороо хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд ажиллана.
15.2.Мэргэшлийн хороо долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд даргыг нь гишүүдийн олонхийн саналаар тэдгээрийн дотроос сонгоно.
15.3.Мэргэшлийн хорооны бүрэлдэхүүнд шүүх, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Танхимаас тус бүр хоёр, эрдмийн зэрэг цолтой хуульч нэг хүний төлөөлөл байна.
15.4.Мэргэшлийн хорооны гишүүн хууль зүйн магистр болон түүнээс дээш эрдмийн зэрэг, цолтой, хууль зүйн, эсхүл нотариатчийн ажлын туршлагатай, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байна.
/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
15.5.Мэргэшлийн хорооны гишүүний бүрэн эрхийн хугацаа 4 жил байх ба тэдгээрийг улируулан томилохгүй. Мэргэшлийн хорооны нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа нь орон гарсан гишүүний бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна.
/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
15.6.Мэргэшлийн хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
15.7.Мэргэшлийн шалгалтыг нотариатын тойрог, нотариатчийн орон тоо, хэрэгцээг харгалзан улсын хэмжээнд гурван жил тутам явуулах бөгөөд нотариатч ажиллаагүй тухайн тойрогт мэргэшлийн шалгалт явуулах эсэхийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухай бүр шийдвэрлэнэ.
15.8.Мэргэшлийн шалгалт эхлэхээс 45-аас доошгүй хоногийн өмнө энэ тухай өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.