17 дугаар зүйл. Нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх
/Энэ зүйлийн гарчигт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.1.Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг дараахь үндэслэлээр түдгэлзүүлж болно:
/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.1.1.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 23.2.3-т заасан үндэслэл;
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
17.1.2.нотариатч эрүүгийн хариуцлагад татагдсан тохиолдолд эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн эцсийн шийдвэр гартал;
17.1.3.энэ хуулийн 21.2, 21.3, 22.1, 24.1-д заасныг зөрчсөн бол 6 сар хүртэл хугацаагаар;
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
17.1.4.нотариатч төрийн албан тушаалд томилогдсон, сонгогдсон, эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар 6 сараас дээш хугацаагаар нотариатын үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болсон тохиолдолд өөрийнх нь хүсэлт, эсхүл Танхимын саналыг үндэслэн.
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
17.2.Энэ хуулийн 17.1-д заасан түдгэлзүүлэх үндэслэл арилсан тохиолдолд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сэргээнэ.
/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.3.Энэ хуулийн 17.1.4-т заасан үндэслэлээр нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх нийт хугацаа 5 хүртэл жил байна.
/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
17.4.Нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 1 жилээс дээш хугацаагаар түдгэлзүүлсэн тохиолдолд тухайн нотариатын тойрогт үйл ажиллагаа эрхлэх нотариатчийг тойрог шилжих хүсэлт гаргаж дараалал хүлээж байгаа нотариатчдын дундаас энэ хуулийн 7.4-т заасан журмын дагуу хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн түр томилж болно. Түдгэлзүүлсэн үндэслэл арилсан бол тухайн тойрогт түр томилогдсон нотариатч тогтоосон тойрогт ажиллана.
/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
17.5.Нотариатч нь үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сэргээх хүсэлтээ шийдвэрлүүлэхдээ сургалтын тогтоосон багц цагийг хангасан байна.
/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./