501 дугаар зүйл. Иргэний хуулийн 237 дугаар зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хүлээн авч хадгалах, шилжүүлэх
/Энэ зүйлийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
501.1.Нотариатч иргэн, хуулийн этгээдийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн үүргийн гүйцэтгэлийг хадгалах, шилжүүлэх үйлдэл хийнэ.
501.2.Хүсэлтэд үүргийн гүйцэтгэлийг хадгалуулах зорилго, гэрээ, хэлцлээс үүссэн үүрэг, гэрээний нөхцөл зэргийн талаар тодорхой дурдах бөгөөд холбогдох баримтыг хавсаргасан байна.
501.3.Насанд хүрээгүй хүний хүсэлтийг түүний хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч/ гаргана.
501.4.Нотариатч хүсэлтэд дурдсан үүргийн гүйцэтгэл нь хадгалалтын шаардлага хангасан эсэхийг шалгаж, хадгалах боломжтой гэж үзсэн тохиолдолд тухайн үүргийн гүйцэтгэлийг нэг бүрчлэн бүртгэн, хадгалсан тухай баримт үйлдэж үйлчлүүлэгчээр гарын үсэг зуруулан тамга дарж батална.
501.5.Нотариатч хадгалуулах зүйлийн шинж чанар, онцлогоос шалтгаалан хаана, хэрхэн хадгалах талаар үйлчлүүлэгчийн саналыг харгалзан хадгалах арга хэмжээ авна.
501.6.Нотариатч үүргийн гүйцэтгэлийг нотариатад хадгалуулсан талаарх мэдээллийг үүрэг гүйцэтгүүлэгчид даруй мэдэгдэнэ.
501.7.Нотариатч үүргийн гүйцэтгэлийг хадгалах боломжгүй гэж үзсэн тохиолдолд үйлдэл хийхээс татгалзах эрхтэй.
501.8.Үүрэг гүйцэтгүүлэгч нотариатад хадгалуулахаар шилжүүлсэн зүйлийг хүлээн авахаас өмнө үүрэг гүйцэтгэгч бичгээр хүсэлт гарган буцаан авсан тохиолдолд нотариатч энэ тухай тэмдэглэл үйлдэж үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зуруулан тамга дарж батална.
501.9.Үүргийн гүйцэтгэлийг хадгалах хугацаа Иргэний хуулийн 237.9-д заасны дагуу 3 хүртэл жил байна.
БУСАД ЗҮЙЛ