8 дугаар зүйл. Нотариатын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, бүрэн эрх
/Энэ зүйлийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
8.1.Монгол Улсад нотариатчдыг эгнээндээ нэгтгэсэн, тэдний мэргэжлийн үйл ажиллагааг энэ хууль болон өөрийн дүрэмд заасны дагуу уялдуулан зохицуулах, хууль ёсны эрх ашгийг нь хамгаалах зорилготой, нийтийн эрх зүйн этгээд болох Монголын Нотариатчдын танхим /цаашид "Танхим" гэх/ ажиллана.
8.2.Танхим нь бүх гишүүдийн хурал, Удирдах зөвлөл, аймгийн болон нийслэлийн тойргийн салбараас бүрдэх бөгөөд тэдгээрийн эрх хэмжээг Танхимын дүрмээр тогтооно.
8.3.Танхимын ерөнхийлөгч Танхимын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах бөгөөд түүний бүрэн эрхийн хугацаа 4 жил байна. Танхимын ерөнхийлөгчийг улируулан сонгохгүй бөгөөд түүний эрх хэмжээг Танхимын дүрмээр тогтооно.
8.4.Танхим нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.4.1.нотариатчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих;
8.4.2.нотариатчдын нэгдсэн бүртгэл хөтлөх;
8.4.3.нотариатчийг бэлтгэх, сургах, давтан сургах ажлыг зохион байгуулах;
8.4.4.нотариатчдын үйл ажиллагаанд судалгаа, дүгнэлт хийх;
8.4.5.энэ хуулийн 8.6-д заасан Сахилгын зөвлөл болон 15 дугаар зүйлд заасан Мэргэшлийн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх;
8.4.6.хуульд заасан бусад.
8.5.Танхимын дэргэд бүх гишүүдийн хурлаас сонгогдсон, Танхимын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг бүхий Хяналтын зөвлөл ажиллах бөгөөд түүний үйл ажиллагааны журмыг Танхимын дүрмээр тогтооно.
8.6.Танхимын дэргэд нотариатч хууль болон нотариатчийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Сахилгын зөвлөл ажиллах бөгөөд түүний бүрэлдэхүүнд шүүх, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл тус бүр хоёр, Танхимаас гурав, нийт долоон гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллана.
8.7.Энэ хуулийн 8.6-д заасан Сахилгын зөвлөлийн ажиллах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
8.8.Танхимын бүх гишүүдийн хурал нь Танхимын ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийг сонгох, чөлөөлөх, Танхимын дүрмийг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
8.9.Нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллага нь Танхим, түүний салбарыг үйл ажиллагаагаа явуулахад дэмжлэг, туслалцаа үзүүлнэ.
8.10.Танхим өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар төрийн байгууллага, гадаад улс, олон улсын нотариатын болон төрөлжсөн бусад байгууллагатай Монгол Улсын хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээний дагуу хамтран ажиллаж болно.
НОТАРИАТЫН ҮЙЛДЭЛ ХИЙХ ХЭЛ, ТАМГА, БАТАЛГААНЫ ТЭМДЭГ, БАРИМТ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС, ЗАРДАЛ