32 дугаар зүйл. Нөхөрлөлийн гишүүний эрх, үүрэг
1.Нөхөрлөлийн гишүүн нь эрх, үүргээ нөхөрлөлийн ашиг сонирхолд нийцүүлэн шударгаар хэрэгжүүлнэ.
2.Нөхөрлөлийн гишүүн нь мэргэжлийн үйл ажиллагаа хамтран эрхлэхээр хөрөнгө, мэргэжлийн мэдлэг, ур чадвараа нэгтгэн нөхөрлөлд оруулах бөгөөд нөхөрлөлийн гишүүний эрх, үүрэг, мэргэжлийн үйл ажиллагаагаа биечлэн гүйцэтгэнэ.
3.Гэрээнд өөрөөр заагаагүй бол нөхөрлөлийн гишүүн тус бүр тэнцүү тооны саналын эрхтэй байна.
4.Гэрээнд өөрөөр заагаагүй бол хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн аль ч гишүүн нөхөрлөлийг төлөөлж болно.
5.Нөхөрлөлийн гишүүн нь багшлах, эрдэм шинжилгээний болон мэргэжлийн төрийн бус байгууллагад хамаарахаас бусад ажил, албан тушаалыг хавсран эрхлэх, ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг өөр нөхөрлөлийн гишүүн байхыг хориглоно.
6.Үйлчлүүлэгч хүсэлт гаргавал нөхөрлөл болон нөхөрлөлийн гишүүн өөрийн хариуцлага хүлээх чадварын талаар үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй.