34 дугаар зүйл. Нөхөрлөлд гишүүн орох, нөхөрлөлөөс гарах, чөлөөлөх
1.Хуульд заасан шаардлагыг хангасан тохиолдолд нөхөрлөлд шинээр гишүүн орж болох бөгөөд нөхөрлөлийн хүлээсэн үүргийг бусад гишүүний нэгэн адил хариуцна.
2.Нөхөрлөлийн гишүүнийг бүх гишүүдийн хурлын олонхын саналаар чөлөөлж болно.
3.Нөхөрлөлийн гишүүнийг доор дурдсан үндэслэлээр чөлөөлнө:
1/гэрээгээр хүлээсэн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлэх чадваргүй, эсхүл хөрөнгө оруулах боломжгүй нь тогтоогдсон;
2/гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн;
3/гэрээнд заасан бусад нөхцөл.
4.Нөхөрлөлийн гишүүнээс чөлөөлөх үндэслэлийг тухайн гишүүнд урьдчилан мэдэгдэх бөгөөд чөлөөлөх асуудлыг гишүүд хэлэлцэж шийдвэрлэхэд уг гишүүн оролцож тайлбар гаргах эрхтэй. Нөхөрлөлийн гишүүнээс чөлөөлсөн шийдвэрийг тухайн гишүүнд мэдэгдэнэ.
5.Нөхөрлөлөөс чөлөөлөгдсөн гишүүн уг шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй.
6.Нөхөрлөлийн гишүүн бусад гишүүддээ 30 хоногийн өмнө мэдэгдсэнээр нөхөрлөлөөс гарч болно.
7.Нөхөрлөлийн гишүүний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүчингүй болсноор нөхөрлөлийн гишүүний эрхээ алдсанд тооцно.
8.Энэ хуулийн 34 дүгээр зүйлийн 2, 6, 7 дахь хэсэгт заасны дагуу нөхөрлөлөөс гарсан, чөлөөлөгдсөн нөхөрлөлийн гишүүний эрхээ алдсан тохиолдолд тухайн гишүүнд хуваарилах хөрөнгө, ашиг, үйлчлүүлэгчийн мэдээлэл зэргийг энэ хуулийн 30 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримталж, мөн алдагдлыг энэ хуулийн 33 дугаар зүйлд заасныг баримтлан тус тус шийдвэрлэж хуваарилна.
9.Гэрээнд өөрөөр заагаагүй бол нөхөрлөлийн гишүүний эрхээ алдсан, нөхөрлөлөөс гарсан, чөлөөлөгдсөн гишүүний нөхөрлөлд оруулсан хөрөнгийг гарсан өдрөөс хойш гурван сарын дотор буцаан олгоно.
/Энэ бүлгийг 2013 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ