21 дугаар зүйл. Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, түүнийг томилох

ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

21 дугаар зүйл. Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, түүнийг томилох

21.1.Үндэсний зөвлөл нь олон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх орон тооны бус байгууллага бөгөөд 15 гишүүнтэй байна.

21.2.Үндэсний зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа 6 жил байна.

21.3.Үндэсний зөвлөлийн гишүүнд дараахь этгээдийг нэр дэвшүүлэхгүй:

21.3.1.төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагч;

21.3.2.улс төрийн намын удирдах албан тушаалтан;

21.3.3.бусад радио, телевизэд ажиллаж байгаа, түүнчлэн ажилладаггүй боловч хөтөлбөрийн бодлогыг тодорхойлоход нь оролцдог этгээд;

21.3.4.бусад радио, телевизэд хөрөнгө оруулалт хийсэн этгээд, эсхүл олон нийтийн радио, телевизийн санхүүгийн хараат бус байдалд нөлөөлж болох этгээд.

21.4.Үндэсний зөвлөлийн гишүүнээр ял шийтгэлгүй, иргэний нийгмийн төлөөллөөс санал болгосон Монгол Улсын иргэнийг томилно.

21.5.Энэ хуулийн 21.3, 21.4-т заасан шалгуурыг удирдлага болгон дор дурдсан байгууллага, албан тушаалтан Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлнэ:

21.5.1.Монгол Улсын Ерөнхийлөгч 4 хүн;

21.5.2.Монгол Улсын Их Хурал 7 хүн;

21.5.3.Монгол Улсын Засгийн газар 4 хүн.

21.6.Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахаар түүх уламжлал, ёс заншил, соёл урлаг, утга зохиол, шинжлэх ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид; эрх зүй, гадаад харилцаа, сэтгүүл зүй, эрүүл мэнд, боловсрол, биеийн тамир, спорт, байгаль орчин, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Улсын Их Хуралд; эдийн засаг, бизнес, техник технологи, удирдлага менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Засгийн газарт тус тус санал болгоно.

21.7.Энэ хуулийн 21.5-д заасан байгууллага, албан тушаалтан төрийн бус байгууллагуудын саналаас сонголт хийн Yндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

21.8.Энэ хуулийн 21.7-д заасны дагуу нэр дэвшсэн хүмүүсийг Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийсний үндсэн дээр хэлэлцэж Yндэсний зөвлөлийн гишүүнээр томилно. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

21.9.Нэр дэвшсэн хүнийг Улсын Их Хурал Yндэсний зөвлөлийн гишүүнээр томилоогүй бол нэр дэвшүүлсэн байгууллага, албан тушаалтан өөр хүний нэр дэвшүүлнэ.

21.10.Үндэсний зөвлөлийн гишүүн Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурал болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшсэн тохиолдолд түүнийг Yндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлнө.

/Дээрх 21 дүгээр зүйлд Монгол Улсын Ерөнхийлөгч 2005 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хориг тавьсан бөгөөд уг хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээн авч 2005 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.