31 дугаар зүйл. Олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирал, түүний бүрэн эрх
31.1.Олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирал /цаашид "Ерөнхий захирал" гэнэ/-ыг Үндэсний зөвлөлийн нийт гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар 3 жилийн хугацаагаар томилно.
31.2.Ерөнхий захирлыг сонгон шалгаруулах замаар томилж болно.
31.3.Ерөнхий захирлаар дээд боловсролтой, ял шийтгэлгүй, улс төрийн намын гишүүн бус хүнийг томилно.
31.4.Ерөнхий захирал Үндэсний зөвлөлийн гишүүн байж болохгүй.
31.5.Ерөнхий захирал бусад байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагын бүрэлдэхүүнд хавсран ажиллаж болохгүй.
31.6.Ерөнхий захирал дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
31.6.1.олон нийтийн радио, телевизийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;
31.6.2.энэ хуулиар тодорхойлсон хөтөлбөрийн бодлогын хүрээнд нэвтрүүлгийн хөтөлбөрийг тогтоох;
31.6.3.Үндэсний зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд олон нийтийн радио, телевизийн эд хөрөнгийг захиран зарцуулах;
31.6.4.олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө, тухайн жилийн төсвийн төсөл, гүйцэтгэл болон тайланг Үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлэх;
31.6.5.олон нийтийн радио, телевизийн дэд захирал, зохион байгуулалтын нэгжийн даргын сонгон шалгаруулалтын дүнг Yндэсний зөвлөлд танилцуулсны үндсэн дээр тэднийг томилох;
31.6.6.олон нийтийн радио, телевизийн ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах;
31.6.7.Үндэсний зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд гэрээ, хэлцэл хийх, олон нийтийн радио, телевизийг гадаад, дотоодод төлөөлөх;
31.6.8.тогтоосон журмын дагуу нягтлан бодох бүртгэл хөтлөх, тайлан тэнцэл, статистикийн мэдээ гаргах ажлыг зохион байгуулах.
31.7.Хяналтын зөвлөлийн зөвшөөрлийг үндэслэн Ерөнхий захирал олон нийтийн радио, телевизийн зарим ажил, үйлчилгээг аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.
ОРОН НУТГИЙН ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗ