3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо
Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
1/ "нийтийн зориулалттай орон сууцны байшин" гэж бүхэлдээ буюу ихэнх хэсэг нь дөрөв ба түүнээс дээш сууцны зориулалттай барилгыг;
2/ "орон сууц хувьчлах" гэж төрийн өмчийн нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц / өрөө/ -ыг түүнийг хууль ёсоор эзэмшиж байгаа сууц эзэмшигчдийн өмчлөлд шилжүүлэхийг;
3/ "сууц" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь нэг гэр бүл аж төрөхөд зориулагдсан нэг буюу хэд хэдэн өрөө бүхий цогцолборыг;
4/ "орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө" гэж Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15.1-д заасан эд хөрөнгийг;
/Энэ заалтыг 1999 оны 4 дүгээр сарын 22-н ба 2003 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөн найруулсан/
5/ "сууц эзэмшигч" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц / нэг буюу нэгээс дээш өрөө/ -ыг сууц эзэмших эрхийн бичиг / ордер/ , орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа иргэн, түүний гэр бүлийн гишүүдийг;
6/ "сууц өмчлөгч" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц / нэг буюу нэгээс дээш өрөө/ болон тухайн байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг энэ хуульд заасан журмын дагуу хувьчлан авсан иргэн, түүний гэр бүлийн гишүүдийг;
7/ "хуулийн этгээдийн эзэмшлийн орон сууц" гэж тухайн хуулийн этгээдийн тайлан, балансад бүртгэлтэй, түүний ашиглалт, засвар, үйлчилгээний бүх зардал болон сууц эзэмшигчидтэй хийх гэрээ, төлбөр тооцоог уг хуулийн этгээд нь бүрэн хариуцан гүйцэтгэдэг орон сууцыг.
/Энэ зүйлийг 1997 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/